Энэ долоо хоногт Вашингтонд болсон Энэтхэг, АНУ-ын хоорондын жил дутмын ээлжит стратегийн яриа хэлэлцээ хоёр орны ашиг сонирхол хэсэгчлэн нийцэж байгаа төдийгүй хоёр талын байр суурь бас өөр өөр байгааг тод харуулсан гэж Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзэж байна.

Талууд эдийн засгийн салбарт бахархам амжилт гаргасан гэж оросын шинжээч тэмдэглэлээ. Сүүлийн арван жилд бараа бүтээгдэхүүний эргэлт 5  дахин өсөн нэмэгдэв. 2001 онд 18 тэрбум доллар байсан бол энэ онд 100 тэрбумд хүрэх бололтой. Цэрэг-техникийн хамтын ажиллагаа ч идэвхжив. Энэ салбарт 9 тэрбум долларын өртөг бүхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан юм. Гэвч АНУ өөрийн болзолыг эдийн засгийн хүрээнд тулгахыг хичээж байна гэж Борис Волхонский хэлээд

«Вашингтон энэтхэгийн жижиглэн худалдаалах зах зээлийг америкийн худалдааны томоохон сүлжээнүүдэд нээх саналыг идэвхтэй ивээн дэмжиж байна. Томоохон дэлгүүрүүд үнээ хямдруулна.Иймээс тэдгээрийн үйл ажиллагаа жирийн худалдан авагчдад ашиг тустай болно хэмээн америкийн тал үзэж байна. Гэвч худалдааны томоохон сүлжээнүүд Энэтхэгт ажиллах болсноор сая сая жижиг худалдагч үгүйрэн хоосорч, нийгмийн байдал түгшүүртэй болох уршгийг америкийн талаас анхаарахгүй байна. Эдүгээ энэтхэгийн эдийн засгийн байдал нэлээд хүнд байна» гэв.

Атомын эрчим хүч эдийн засгийн хамтын ажиллагааны өөр чухал салбар болсон. Жорж Буш засгийн эрхэнд байсан сүүлийн жилүүдэд АНУ, Энэтхэг улсууд «цөмийн хэлэлцээр» гэгчийг байгуулснаар америкийн компаниуд энэтхэгийн зах зээлд нэвтрэх зам нээгдсэн мэт санагдав. Гэвч Энэтхэг улс бүрэн эрхт байдлаа хохироох гээгүй. Хохиролын төлөө хариуцлагын тухай хууль үүнийг тод харуулсан. Тэгээд америкийн хувийн компаниуд оросын ба францын пуус компанийн дэмжлэг хүлээсэн төрийн компаниудаас таагүй нөхцөлд ажиллах болсон гэж Борис Волхонский тэмдэглээд

«АНУ энэ зах зээлд байр сууриа алдаж байгаагаа мэдэрч,хэрэглэж дадсан тактикаа ашиглав. 2010 оны 12-р сард францын Areva компаниэс Жайтапур АЦС барьж байгаа Махараштрад, оросын тусламжтайгаар барьсан Куданкулам АЦС-ыг нээх ёслолыг Тамилнадад эсэргүүцэх нийт олны ажилллагааг өдөөн өрнүүлсэн байгууллагуудын ажиллагааг чухам америкийн сангуудаас санхүүжүүлсэн билээ. Мэдээжээр үүнд экологийн асуудал хамаагүй байна. Саяхан гарын үсэг зурсан Гужаратад АЦС барьж эхлэх тухай америк-энэтхэгийн хэлэлцээр эсэргүүцлийн кампанит ажиллагааны жинхэнэ зорилгыг илрүүлэн харуулав. Энэ компанит ажиллагааг америкийн пүүс компаниудын өрсөлдөгчдийг зах зээлээс шахан зайлуулахад бүр эхнээсээ чиглүүлсэн» гэв.

АНУ-ын геополитикийн зорилгын тухайд гэвэл америкийн дипломат үйл ажиллагааны зорилт Энэтхэг улсыг холбоотон төдий биш АНУ-ын бодлогыг Азид найдвартай нэвтрүүлэгч болгон хувиргахад оршино. Вашингтон нэг талаас Энэтхэг, нөгөө талаас Хятад, Пакистаны хоорондын санал зөрөлдөөнөөр завшиж байна. Афганистанд дайнаас хойшхи байгуулалтад Энэтхэг улсын үүргийг идэвхжүүлэх уриа үүнтэй холбоотой гэж Борис Волхонский цааш нь хэлээд

«АНУ-ын ба НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш бий болох «хоосон зайг» Хятад, Пакистан улсууд эзлэхэд бэлэн байна. Алт валютын маш их нөөцтэй Хятад болон Афганистанд уламжлалт хэлхээ холбоо, нөлөөлөх хөшүүрэгтэй Пакистан улс талибуудыг оролцуулан Афганистан дотор тодорхой бүлгийнхэнтэй хамсаж хүчирхэг эвсэл байгуулж, тус улсыг Төв Ази дахь найдвартай түшиц газар болгон хувиргаж мэднэ. Энэ нь АНУ-д ашиггүй. Иймээс тус улс зорилтоо биелүүлэхийн тулд Энэтхэгийг идэвхтэй татан оролцуулж байна.

Афганистанд АНУ ба Энэтхэг улсын бодлогын зорилго өөр өөр байгааг үүнтэй холбогдуулан тэмдэглэе. Вашингтон Афганистаныг юуны түрүүнд Иранд хүчтэй шахалт үзүүлэх ба Төв Азид үр нөлөөгөө өргөжүүлэхэд хэрэглэхийг санаархсан юм.

Харин Энэтхэг улсын стратегийн сонирхол өгт өөр байна. Байдал нь тогтворжсон Афганистан Энэтхэг улсад зайлшгүй чухал. Түүнчлэн Төв Азийн орнууд болон Орос ба Хойд Европын улсуудтай хамтран ажиллах зорилгоо биелүүлэхэд нь Ираны тойрны энх амгалан байдал чухал болсон. Тэр тусмаа Энэтхэг Афганистаны болон түүний эргэн тойрны байдалд хүч хэрэглэн оролцохыг огт хүлцэхгүй юм гэж Борис Волхонский хэллээ.

Энэтхэг, АНУ хоёрын ашиг сонирхол хэсэгчлэн нийцсэн ч Энэтхэг харийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бүрэн эрхт байдлаа хохироохгүй гэж оросын шинжээч үзэж байна.