Орос,Хятад улсууд  болон  Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг Төв Азийн орнууд уулархаг нутагт террористуудын эсрэг явуулах цэргийн ажиллагааны тактикийг хамтран сургуулилав. ШХАБ-ын «Энхийн ажиллагаа-2012» сургууль Тажикистанд болж дууслаа. Цэргийн ажиллагааны идэвхтэй хэсэгт 2 мянга гаруй цэргийн албан хаагч болон 500 нэгж байлдааны техник оролцов.

Тажикистаны цэргийн баазад байрлсан оросын мото буудлага, их бууны анги салбар түүнчлэн Кыргызын Кант нисэх хүчний баазын байлдааны нисэх онгоцууд оролцсон юм. Цэргийн сургууль аюулгүй байдалд тулгарсан нийтийн аюулыг няцаах ШХАБ-ын цэргийнхний чадварыг харуулсан гэж цэргийн сургуулийн удирдлага мэдэгдлээ.

Энэ онд террорын эсрэг сургууль Афганистантай хил залгаа Тажикистанд л явсагдсан нь тохиолдлын хэрэг бишээ.ШХАБ-ын үйлдвэр худалдааны зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Денис Тюрин үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ: «НАТО-гийн эвслийн хүчнийг Афганистанаас гаргах гэж байна. ШХАБ тус орны энх амгалан байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ гэж олонхи ажиглагч үзэж байна. Энэ онд Афганистан улсыг ШХАБ-ын ажиглагчийн статустай болгосон нь үүнтэй бас холбоотой юм. Афганистаны тойрны байдал энэ удаагийн цэргийн сургуулийн үеэр биелүүлсэн зорилтуудыг тодорхойлоход нэлээд нөлөөлэв. Дашрамд хэлэхэд цэргийн сургуулийн үйл явц хэт даврагч зэвсэгт бүлгүүд Афганистанаас Тажикистанд шургалан орж болзошгүйг харгалзсан юм».

ШХАБ-ын нэн чухал зорилт терроризм, салан тусгаарлах хэт даврагч ажиллагаанаас хамтран хамгаалахад оршино. Саяхан Бээжинд дээд хэмжээний уулзалтаар ийм аюултай тэмцэх шинэчлэсэн стратегийг батласнаас хойш тус чиглэлээр түншлэл мэдэгдэм өргөжсэн гэж Оросын улс түмний найрамдлын их сургуулийн Хятадын стратегийн судлалын төвийн захирал Алексей Маслов хэлээд: «Хэт даврагч ажиллагаа Хятад, Орос, Кыргызстан, Казахстан, Узбекистан зэрэг хил орчмын бараг бүх улсыг түгшүүлж байна. Афганистанаас мансууруулах бодис тархаах зам бүс нутгийн нэг хэсгийг дамжин гардаг. Мөн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэдэх янз бүрийн салан тусгаарлах бүлэг тэнд хоргодсон» гэв.

Алексей Маслов «Энхийн ажиллагаа-2012» террорын эсрэг сургууль геополитикийн ач холбогдолтойг онцлоод: «НАТО-гийн орнуудын нийтийн сургууль байн байн явагдаж байна. Энэ удаад ШХАБ аюулыг хамтран няцаах боломжоо харуулах ёстой байсан. НАТО-г бодоход ШХАБ цэргийн байгууллага биш. Гэсэн ч ШХАБ бүс нутгийн хүчирхэг байгууллага болсон» гэв.

ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн сургуулиуд цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэв. Генералууд Төв Азид энх амгаланг тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд үйл ажиллагаа хамтран ахин явуулахад бэлэн байна. Түүнчлэн ажиглагчийн статустай Афганистан, Энэтхэг, Пакистан, Иран, Монгол улсуудыг оролцуулан ийм ажиллагаа явуулна.