Сирид НҮБ-ын ажиглагчид эцэст Хаффа хотод хүрчээ. Хотын энгийн оршин суугчид амь үрэгдсэн тухай мэдээ энэ өдрүүдэд тэндээс ирээд байна. Хотыг сүйтгэжээ. Ажиглагчдын өчигдөр орой тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Төр улсын олонхи байгууллага түүний дотор шууданг дотроос нь шатаасан тухай ажиглагчид мэдээлэв. Хаффад засгийн газрын талыг баримтласан «Баас» намын төв байрыг их буугаар буудсныг тогтоов. Энд ширүүн мөргөлдөөн явагджээ. Янз бүрийн зэр зэвсгийн үлдэгдэл, цэргийн ба энгийн шатсан машинууд хотод харагдана. «Шарилууд ялзарч, муухай үнэр үнэртэж байна. Хотын зарим хэсэгт мөргөлдөөн үргэлжилж байна» гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Гэвч ажиглагчид амь үрэгдэгсдийн лавтай тоог дурдаагүй. НҮБ-ын ажиглагчид Сирид хүч хэрэглэх ажиллагаа шатлан өргөжиж байгаад сэтгэл гүнээ түгшснээ илэрхийлээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан зэвсгээ хураахыг уриалав. Хаффа хотод орохыг ажиглагчид 6-р сарын 7-оос оролдсон. Гэвч орон нутгийн хилэгнэн зэвүүцсэн оршин суугчдын эсэргүүцэл, цэргийнхний саад тотгор тэднийг саатуулжээ. Эрх баригчид ба сөрөг зэвсэгт хүчний сөргөлдөөн 2011 оны 3-р сараас Сири улсад үргэлжилж байна. Зарим мэдээ баримтаас харахад энэ завсар 12 мянга гаруй хүн амь үрэгджээ.