Эрэг дээр нарсан ойн дунд модон байшингууд байхад нөгөө талд нүд алдам хязгааргүй гүн цэнхэр нуур байна. Эсрэг талын эрэг эс харагдана, эндээс зөвхөн нар шингэх болон усан дээрх хөнгөхөн манаа л үзэгдэнэ. Энэ бол “Бээжин - Москва 2012” авто аялалын оролцогчдын алдарт Байгал нуурыг үзсэн дүр зураг. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Леонид Ковачич байгалийн сайхныг үзсэнээ ийнхүү хуваалцаж байна.

Чита хотоос Буриад улсын нийслэл Улаан-Үд хот хүртэл 750 км урт замыг авто аялалд оролцогчид 9 цагийн хугацаанд туулав. Автомашины цувааг замын цагдаагийн машинууд дагалдаж явсан нь хурдтай явах боломж олгосон аж. Улаан-Үдээс Байгал нуурын эрэг хүртэл 100 гаруй км. Үдэш орой цуваа очих газраа хүрлээ.

Байгал нуурыг заримдаа далай ч гэдэг. Нуурын усны гадаргуугийн талбайг европын томоохон орнуудын нутаг дэвсгэртэй харьцуулж байдаг. Байгал нуур дэлхийн цэнгэг усны нөөцийн тавны нэгийг агуулдаг. Байгалийн усны чанарыг зөвхөн эндхийн усанд амьдардаг бичил биетэн хавч “хариуцдаг” юм. Тэр байнга усыг бактериас болон усны ургамлуудаас шүүж байдаг.Эндхийн ус гайхалтай тунгалаг, цэлмэг өдөр усны 40 метрийн гүн харагдадаг юм.

Байгал нуурын эрэг дээр том нүсэр байшин барилгыг зориудаар барьдаггүй. Зочид буудлын цогцолборууд нь уламжлалт орос маягаар баригдсан жижигхэн модон байшингуудаас бүрддэг. Автоаялалд оролцогчид тэдгээрийн нэгт байрласан юм. Эдгээр байшингууд нь гаднаасаа тосгоны жирийн нэг байшинг санагдуулах боловч тав тухтай байдлын хувьд гайхалтай. Энд бүхий л зүйл байгаагийн дотор утасгүй Интернет хүртэл байх аж.

Үдэш орой болсон ч, аялагчдыг тансаг оройн хоол хүлээж байлаа. Зочдыг байгалийн жинхэн бренд хоол – нүүрсэн дээр утсан шинэ омуль загасаар дайлав. Түүнчлэн, буриадын үндэсний хөөсөн “буузаар” дайлав. Энэ нь хятадын “баоцзы” хоолтой тун адил боловч, амтны хувьд ялгаатай юм. Мэдээж хэрэг оросын щи, орос архигүй яагаад байж боломгүй . Эдгээр нь хятадын сэтгүүлчдэд их таалагдав бололтой. Орон нутгийн иргэдийн зочломтгой зан болон сибирийн байгалийн сайхан аялагчдад гайхшрал төрүүлжээ.Энэ тухай хятадын талаас автоаялалд оролцогч Ли Синькай хэлэхдээ

«Улаан Үдээс холгүй орших оросын хуучин ёс заншил баримтлагчдын ахуйн байдалтай танилцахад маш их сонирхолтой байсан. Үндэснийхээ хувцас өмсөн тэд дуу дуулж, биднийг хоолоор дайлсан. Маш амттай байсан. Орос хоол хятад хоолноос тэс өөр юм билээ. Манай гариг дээр Байгал нуураас өөр ийм сайхан онгон байгалтай газар бараг л үгүй байхдаа. Харамсалтай ийшээ ирэхэд зам их хэцүү юм. Буриад улсын нийслэл хүртэл нисч болох бөгөөд харин цааш явах зам нэг их сайн биш юм. Хэрвээ тээврийн дэд бүтэц сайжрах юм бол, жуулчид тасрахгүй байх юм» гэлээ.

Жуулчдад үнэхээр үзэж харах Байгал нуур дээр төдийгүй Буриад улсад бүхэлдээ тэр юм. Түүх дурсгалын газруудтай танилцахаа нийслэл хотоос эхэлсэн нь дээр. Хотын төвд Ленинд зориулсан хамгийн том хөшөө байдаг. Найман метрийн өндөртэй дэлхийн пролетариатын их удирдагч Владимир Ленины толгой хотын төв талбайд байдаг. Хотын иргэд хөшөөний дэргэд олонтоо болзодог. Жуулчид гайхан сонирхож, зургаа татуулна.

Улаан-Үдээс 30 км зайтай орших Иволгины дацанд 1945 онд Сталины хувийн зөвшөөрөлтэй байгуулагдсан Оросын томоохон буддын шашны хийд байдаг. Хийдэд дэлхийн алдар нэрийг Итгэлт хамба авчирсан бөгөөд түүний цогцос уг хийдэд хадгалагддаг юм. Итгэлт хамба нь 80 гаруй жилийн өмнө хорвоогоос хальсанч, одоо болтол түүний биеийн булчингийн эд эс амьд хүний бие махбодийн зарим шинж тэмдэгтэй адилхан байдаг гэж шинжээчид дүгнэжээ. Итгэл хамбад байнга нэвтрэх эрх хийдийн тусгай хэдэн хүнд байдаг. Жилд нилээд хэдэн удаа шашны том баяруудаар түүний цогцсыг хийдээс гаргаж нийтэд мөргөл үйлдэхэд нь зориулан тавьдаг. Ийм өдрүүдэд Иволгины дацанд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган буддын шашинтнууд ирдэг байна.

”Бээжин – Москва 2012” автоаялалд оролцогчид дөрвөн мянга гаруй км урт замыг туулаад байна. Байгал нуурын эрэг амарч, хоёр өдөр завсарласны дараа тэдний цуваа хөлгийн жолоог Эрхүү хот руу зална.