Өчигдөр ОХУ-ын төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр Москвад  сөрөг хүчний ээлжит цуглаан жагсаал боллоо. Арга хэмжээ зохион байгуулалттай олон хүний  жагсаалаар эхлэж Сахаровын өргөн чөлөөнд цуглаанаар дуусав. Өнгөрсөн өвөл энд сөрөг хүчний төлөөлөгчид бас цуглаан хийсэн билээ. «Сая хүний марш» гэгчийн явцад онцгой тохиолдол гарсангүй. Хууль сахиулах байгууллагууд сөрөг хүчний удирдагчдыг анхаарлаасаа салгаагүй байна. Сэргийлэх ба сөрег хүчний тоо баримтуудаас харахад энэ удаагийн цуглаан жагсаалд 5-р сарын 6-нд Болотная талбайд хийсэн цуглаанаас  илүү олон хүн оролцов. Цагдаагийн байгууллагуудаас мэдээлснээр жагсаалд 18, цуглаанд 15 мянган хүн тус  тус оролцсон байна. Харин цуглаан жагсаалд 50 мянганаас 100 мянган хүртэл хүн оролцсон гэж сөрөг хүчин мэдээллээ. Цуглааны дүнгээр гаргасан тунхагт сөрөг хүчний шаардлагыг дурдсан байна. Тунхагт улс орны удирдлагыг огцоруулж, парламентыг тарааж, Үндсэн хуулийн шинэ төслийг бэлтгэхийг шаарджээ. Түүнчлэн парламентын сонгуулийн тухай шинэ хуулийн төслийг боловсруулах санал дэвшүүлсэн байна. Өнөөгийн парламент тус хуулийг батлах ёстой гэж сөрөг хүчин үзэж байна. Цуглаан жагсаалын үеэр онцгой тохиолдол гараагүй. Хүмүүсийг саатуулсан тухай мэдээ алга. Цуглааны шувтаргаар аадар бороо оров. Өчигдөр нийслэлийн төвд сөрөг хүчний аюулгүй байдлыг хангасан москвагийн сэргийлэх хүчин мэргэшилтэй ажиллаж, сөрөг хүчний төлөөлөгчдэд эелдэг хандсан гэж Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михаил Федотов мэдэгджээ.