Оросын засгийн газраас холбооны эд хогшилыг хувьчлах хөтөлбөрийг батлав. «ВТБ» банк, «Аэрофлот», «Совкомфлот», «Оросын төмөр зам» зэрэг томоохон хувьцаат нийгэмлэгийн багц хувьцааг худалдах юм. Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн хэлснээр бол тер 2016 он гэхэд «Роснефть» компанийн капиталаас бүрмөсөн гарах юм.

Улсын хувьчлах байгууламжуудын цэсийг бүр 2011 онд батласан билээ. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар хувьчлах хугацаа тогтоох байсан. Хөтөлбөрийг 2016 он хүртэл тооцоолсон боловч олонхи үйлдвэрийг ойрын үед бүрэн буюу хэсэгчлэн хувьчлах ёстой. Тэгснээр 2012 онд наанадаж 300 тэрбум рубль буюу 10 тэрбум доллар олох юм. Дмитрий Медведев хөтөлбөрийг тайлбарлан хэлэхдээ

«Эдийн засгийн өрсөлдөх чадвартай салбаруудад төрийн  хэт үр нөлөөг багасгах хэрэгтэй. Тэргүүлэх компаниудын багц хувьцааг худалдах хугацаа хэмжээг тусгай шийдвэрээр тодорхойлох юм. Бүх шийдвэр дэнсэн цэгнэсэн стратегийн үндэслэлтэй байх ёстой. Капиталын зах зээлийн тухайн байдал ба хожмын эрсдлийг харгалзан зохих хурдац, хугацааг даган урагш ахих нь зайлшгүй чухал» гэж онцлов.

Эдүгээ зах зээлийн байдал тогтвортой биш байна. Евро бүсийн байдал ч  хөрөнгө оруулагчдыг өөдрөг сэтгэлтэй болгохгүй байгааг шинжээчид тэмдэглэв. Худалдах эд хогшилыг дутуу үнэлж болзошгүй. Тэгвэл худалдааг азнах нь дээр гэж эдийн засагч Сергей Хестанов тэмдэглэн хэлээд

«Ийм таамаглал учир үндэстэй. Зах зээлийн тухайн байдал хувьчлалын хожмын эрсдэл болж мэднэ. Дэлхийн зах зээл унавал одоогийн таамаглалд буурьтай засвар оруулж болзошгүй»  гэв.

Хувьчлалын нэгэн зорилго төсөвт  нэмэлт хөрөнгө шимэтгэхэд оршино. Гэвч өнөөгийн нөхцөлд хувьчлалыг азнах нь илүү ашигтай гэж эдийн засагч Владимир Тихомиров үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хувьчлал стратегийн үр дүнд хүрч, хувийн хөрөнгө оруулагчдын сонирхолыг оросын томоохон компаниудад хандуулж, удирдлагыг сайжруулах ёстой. Энэ оны эцэс гэхэд төсөв алдагдалгүй болж мэднэ. Хувьчлал үүнд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэхгүй»  гэв.

Роснефть ба оросын Түлш-эрчим хүчний цогцолборын өөр хэдэн компанийг хувьчлах  тухай шийдвэр тэмдэглэлтэй үйл явдал болсон гэж шинжээчид онцлов. Роснефть компанийн багц хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчад худалдаж болзошгүй хэмээн засгийн газар үзэж байна. Америкийн компаниуд Роснефть компанийн хувьцааг худалдан авч магадгүй гэж дэд ерөнхий сайд Игорь Шувалов тэмдэглэв.