Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулах зургаан зүйл анги бүхий төлөвлөгөөг бүрэн биелүүлэхгүй байна гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан өчигдөр НҮБ-ын ЕА-н хуралдаан дээр мэдэгдэв. Түүний хэлснээр бол Сири улсыг хямралт байдлаас  гаргах өөр ямар арга зам байгааг эргэцүүлэн бодох цаг болсон. «Манай хөтөлбөрийг шинэ түвшинд гаргаж, нэгдсэн байр суурь баримталж үйл ажиллагаа явуулах нийтийн мөрийн хөтөлбөрийг олох хэрэгтэй гэж Аннан онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  ЕА-н хуралдаан дээр үг хэлж, Сири улсын түгшүүртэй байдал туйлдаа хүрч, иргэний дайн дэгдээх аюултай болсон гэж мэдэгдлээ. Тэрээр Сирийн еренхийлегч Башар Асад ба мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талд  хандан хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэхийг аль болохоор оролдохыг уриалав. НҮБ-ын АЗ Сирийн байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэдэн хувилбар түүний дотор авч болом нэмэлт арга хэмжээг  авч үзэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ ба Араьбын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан нар АЗ-ийн гурван цагийн хаалттай хуралдааны үр дүнгээр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлжээ. Тухайлбал Орос улс  Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулахыг санаачлав. АЗ-ийн өөр гишүүн орнууд байдлыг зохицуулах асуудлаар холбоо барих бүлгүүдийг байгуулахын төлөө байна. Орос улсаас санал болгсон Сирийн асуудлаархи олон улсын бага хурал  НҮБ-ын АЗ-ийн ажлыг орлохгүй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Бага хурлын зорилго Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжихэд оршино гэж Чуркин хэлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлжээ.