Сири улсад аймшигт аллага хядлага ахин үйлдэв. Өчигдөр Хама хот орчмын хоёр сууринд 100 орчим хүнийг алжээ. Амь үрэгдсэн хоёр хүний нэгэн нь эмэгтэй буюу хүүхэд юм. Зарим хүнийг хутаглаж эсвэл шатааж хөнөөсэн байна.

Зэвсэгт этгээдүүд оршин суугчдад халдсан үед сирийн арми энгийн хүмүүст туслахаар очсон гэж Сирийн улсын телевизээр мэдээлжээ. Гэвч харамсалтай нь террористууд олон хүнийг хөнөөсэн байна. Арми нэгэн сууринд террористуудын хоргодсон газрыг дайрч, байлдааны явцад тэднийг устгав.

Сөрег Сирийн үндэсний зөвлөлөөс аллага хядлага үйлдсэн гэм бурууг засгийн газрын цэрэгт тулгав. Башар Асадын дэглэм энгийн номхон оршин суугчдад ахин халдах гэж байна гэж сөрөг хүчин мэдээлэв. Тэсрэх бодис бүхий машиныг арми хэрэглэнэ гэжээ. Аллага хядлагын гэм бурууг босогчдод тулгахын тулд дэглэм ийм ажиллагаа явуулна гэж сөрөг хүчин мэдээлэв.

Хама хот орчмын аллага хядлага  сүүлийн хоёр долоо хоногт явуулсан 2 дахь цуст ажиллагаа юм. 5-р сарын 25,26-нд Хомс мужийн Хула сууринд 100 гаруй хүнийг устгав. Олон эмэгтэй хүүхдийг ойроос буудаж эсвэл хутаглан алжээ. Тэр үед сөрөг хүчнээс гэм бурууг бас  Дамаскад тулгасан. Гэвч хүмүүс террористуудын гарт  өртсэн гэж Асадын дэглэм мэдээлжээ. Стратегийн магадлан шинжилгээ, үнэлгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко байдлыг тайлбарлан хэлэхдээ

«Өдөөн хатгалга гаарч байна. Хулад ч Хамад ч өдөөн хатгах ажиллагаа явуулсан байж магадгүй. Байдал маш хүнд байна. Асад болон иргэний дэглэмийг түлхэн унагахыг оролдсоор байх болно. Лалын хэт даврагч үзэлтнүүд ба Персийн булангийн орнуудын хаад  Асадыг огцоруулахыг идэвхтэй оролдох юм. Юу гэвэл тэрээр араб дахинд тэдэнд эсэргүүцэл үзүүлж байгаа ганц хүчин болсон. Ийм хандлага тод харагдаж байна. Бүс нутгийн зарим дэглэм араб дахины удирдагч болохыг улайран оролдож,Сири улсыг бутаргаж байна» гэв.

Сирид ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчид хоёр долоо хоногийн өмнө Хула сууринд болсон эмгэнэлт хэрэг явдлыг удахгүй тайлбарлаж дүгнэх юм. Байдлаас харахад тэд өчигдрийн аллага  хядлагыг  бас мөрдөн байцаана. Эдгээр хоёр хэрэг явдлыг нэгтгэн авч үзэх бололтой. Үнэнийг тогтоож, буруутныг шийтгэх зэрэг асуудалд одоогоор хариу өгөх аргагүй .