НАТО эвсэл Афганистаны зүүн-өмнөд нутагт  агаараас халдсны улмаас энгийн хүмүүс амь үрэгдсэн тухай мэдээлсний дараа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай БНХАУ-д хийж байсан албан ёсны айлчлалаа зогсоов. Өнөөдөр «Интерфакс» агентлагаас Афганистаны ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийг үндслэн энэ тухай уламжлан мэдээллээ. Энгийн номхон иргэдийг хөнөөж, эвдрэл гаргаж байгаа НАТО-гийн нисэх хүчний цохилтыг юугаар ч зөвтгэж болохгүй. Ийм ажиллагааг хүлцэж үл болно гэж Карзай мэдэгдэв. Афганистаны эрх баригчдаас мэдээлснээр НАТО-гийн нисэх хүчин зүүн-өмнөд Логар мужид халдсны уршгаар энгийн 18 хүн амь үрэгдэв. Нисэх хүчний ажиллагаа тагнан турших шинжтэй байсан гэж үүний өмнө аюулгүй байдалд туслах Олон улсын хүчний төлөөлөгч мэдээлжээ.