Сүүлийн хэдэн долоо хоногт рублийн ханш хэлбэлзсэн явдал ОХУ-д эдийн засгийн хямрал гарч  байна гэх шалтаг болов. Мэдээжээр евро бүст гарсан хямрал ба дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан явдал манай үндэсний валютад нөлөөлөхгүй байж чадахгүй.

Оросын эдийн засаг олон улсын системийн нэг хэсэг болсон шуу. Гэвч рублийн ханшийн буурал зохисгүй ба нааштай талтай юм. Импортыг нөхөж орлох, өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нааштай тал билээ

Энэ долоо хоногт рублийн дэлхийн гол валютуудтай харьцах ханш  эцэст тогтворжиж бүр өсөн нэмэгдэв. Гэвч  саяхны хэлбэлзэл нь  олныг сандран бухимдахад хүргэв. Харин Москва ба оросын бүс нутгуудад гадаадын валютыг их хэмжээгээр худалдан авах тохиолдол гараагүй.

Евро бүст хямрал үргэлжилж, Хятад, АНУ-ын эдийн засгийн өсөлтэд тавьсан найдвар бүтээгүй явдал манай үндэсний валютын ханш унахад нөлөөлэв. Эдгээр хүчин зүйл оросын төсөвийн шимэтгэлийн үлэмж хэсгийг хангаж байгаа эрчим хүчний түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд  унахад нөлөөлэв.

5-р сард  нефтийн үнэ 20 доллароор өөрөөр хэлвэл 15 хувиар унав. Мэдээжээр энэ нь Оросын төлбөрийн балансын талаар сэтгэл түгшүүлэв. Гэвч нэг жилийн өмнө рублийн байр суурь бас суларсан  нь эдийн засагт зохисгүй нөлөөлсөнгүй, инфляцийг гааруулсангүй. Тэр ч байтугай 2011 онд инфляци орчин цагийн Орос улсын түүхэнд анх удаа хамгийн доод хэмжээнд хүрч 6 хувь болсон. Оросын эрх баригчид ийм үзүүлэлтийг энэ онд хэвээр хадгалах төлөвлөгөөтэй байна.

Үүний хамт рублийн ханш суларах нь оросын эдийн засагт хор холбогдолтой гэж «ФБК» компанийн шинжээч Игорь Николаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Үндэсний валютын ханш унах нь оросын эдийн засагт ашиггүй. Үүнд тал бүрээр хандаж үнэлгээ өгөх хэрэгтэй. Сулхан валют хүчит эдийн засагтай зэрэгцээ оршиж чадна гэж үү? Тийм байж болохгүй»  гэв.

Валютын дайралтын механизмыг хэрэглэсэн Төв Банкны идэвхтэй үйл ажиллагаа рублийн ханшийг тогтворжуулав. Сүүлийн өдрүүдэд банкнаас 200 сая доллар өдөр дутам худалдав. Харин өнгөрсөн онд зарим өдөрт худалдах валютын хэмжээ хэдэн тэрбумд хүрсэн билээ. Өнөөгийн зорилт рублийн ханшийн эрс хэлбэлзэлийг зогсооход оршино.

Мэдээжээр евро бүст гарсан хямралыг ойрын үед давж чадахгүй. Төв банкны тэргүүн Сергей Игнатьевын хэлснээр бол европын улс төрчдээс хямралын эсрэг итгэлтэй арга хэмжээг одоогоор дэвшүүлээгүй. Иймээс нефть хийн үнэ цаашид унаж болзошгүй. Тэгвэл Төв банк худалдах валютынхаа хэмжээг нэмэгдүүлнэ.Нэмэх хөрөнгө байна. «Универ Капитал» компанийн шинжээч Дмитрий Александров хэлэхдээ

«Рублийн ханш өсөн нэмэгдэж байна. Рублийн ханш цаашдаа эрс унах объектив шатгаан алга. Төв банк зах зээлд гарч эрс уналтыг зогсоосон» гэв.

Рублийн ханш суларсан явдал инфляцид нөлөө үзүүлж болзошгүй. Орост худалдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүний бараг гуравны нэг нь гадаадынх. Гаднаас авсан барааны үнэ нэмэгдэж болзошгүй гэж Тев банкны тэргүүний зөвлөх Павел Медведев үзэж байна.

Харин энэ нь оршин суугчид оросын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг идэвхтэй худалдан авах үр дүнтэй болно.Түүнчлэн улс орны  бараа үйлдвэрлэгчид хөгжлийн шинэ шижим түлхэцтэй болох юм. Оросын зах зээлд хөрөнгө оруулалтын идэвхжил унах нь тэдэнд учрах ганц саад болж мэднэ.

1998 онд рублийн  гадаадын валюттай харьцах ханш эрс унасан явдал олон хүнд хохирол учруулсан боловч оросын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний хүрээний чадавхийг эрс нэмэгдүүлэв. Харин  одоо ийм байдал давтагдахгүй бололтой. Эдүгээ оросын эдийн засгийн байдал огт өөр байна. Өсөлт нь ялимгүй боловч тогтвортой байна. Банкны салбар тогтвортой хөгжиж, гадаадад тавьсан өр их биш байна. Иймээс мэгдэн сандрах шалтгаан алга хэмээн санхүүгийн шинжээчид үзэж байна.