ОХУ-ын Холбооны зөвлөл, Улсын дум цуглаан жагсаал ба бусад олон нийтийн арга хэмжээнд оролцож ёс журмыг зөрчсэн этгээдүүдийг хатуу шийтгэх хуулийг сайшаав. Одоо хувь хүнд ногдуулах торгуулийн туйлын хэмжээ 300 мянган рубль болжээ. Түүнчлэн  албан тушаалтанд 600 мянган, хуулийн этгээдэд 1 сая рублийн торгууль ногдуулна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсны дараа баримт бичиг хүчин төгөлдөр болно.

Цуглааны тухай хуулийн төсөл нийгэм ба парламентын гишүүдийн дотор ширүүн санал шүүмжлэл өрнүүлэв. Үүний өмнө ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн дарга Михаил Федотов  Улсын Дум, Холбооны зөвлөлийн тэргүүн нарт хандан өөрий нь алдаатай хэмээн үзсэн баримт бичгийг батлах ажиллагааг хойшлуулахыг уриалжээ. Гэсэн ч парламентын хоёр танхим хуулийг батлав. Михаил Федотов үүнтэй холбогдуулан ерөнхийлөгчэд хандах бодолтой байна.

«Энэ алдаа хүний эрхийг ноцтой зөрчих, нийгэмд санал зөрөлдөөнийг гүнзгийрүүлэх уршигтай.Хууль ОХУ-ын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна гэж бид үзэж байна. Тухайлбал Хөдөлмөрийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль зэргийг зөрчиж байна» гэж Михаил Федотов хэллээ.

Тэмцэл хөдөлгөөнийг мэдүүлэх тодорхой журам Орос улсад тогтсон юм. Гэвч өнөө болтол зөрчигчэд ёс төдий торгууль ногдуулж байв. Хуулийн үзэл баримтлал цуглаан жагсаал соёл иргэншилт замаар хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад оршино гэж «Нэгдсэн Орос улс» томоохон фракцын удирдагч Андрей Воробьёв тайлбарлан хэлээд

«Адчилал бол эрх боломж төдийгүй мэдээжээр ажил үйлийн төлөө хариуцлага юм. Ил тод санал шүүмжлэл явуулж, ерөнхийлөгчтэй авч үзэж хэлэлцсний дараа  дэлхийн орчин цагийн туршлагад нийцсэн ардчилсан шинж чанартай хуулийн төслийг санал болгосон» гэв.

Баримт бичгийг зохиогчид шүүмжлэлийн хариуд бүх ажиглалтыг харгалзан тодорхой бус томъёололоос татгалзахыг хичээв. «Хурал цуглааны тухай «шинэ хуулийн төсөлд цуглааны үеэр чухам ямар зөрчлийн төлөө хариуцлага хүлээхийг тодорхой заажээ.

Гэвч Улсын думын сөрөг фракцууд  дургүйцсээр байна. «Нэгдсэн Орос улс» хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаас татгалзсаны дараа «Шудрага Орос улс»,  КН-ын төлөөлөгчид бүр 411 засварыг тэр даруй санал болгов. Сөрөг фракцын төлөөлөгчид засвар бүрийг тусад нь уншиж тайлбарлав. «Нэгдсэн Орос улс» намын төлөөлөгч түүнийг ямар учраас хэрэгсэхгүй болсныг дурдав. Бүр хэдэн зуун засварыг ингэж тусад нь авч үзэж тайлбарлажээ.

Үүний уршгаар хэлэлцүүлэг 11 цаг үргэлжилж, бараг шөнө дунд дуусчээ. «Нэгдсэн Орос улс» хурал цуглааны тухай хуулийн төслийг хоёр, гуравдахь хэлэлцүүлгээр батлаж амжив. Гэвч сөрөг намуудын төлөөлөгчдийн санал өөрчлөгдөөгүй  гэж Либерал-ардчилсан намын төлөөлөгч Анатолий Локоть мэдэгдээд

«Одоо батласан хууль шилдэг биш. Либерал–ардчилсан нам энэ хуулийг дэмжээгүй. Юу гэвэл одоо ч бид цуглаан хэвийн хийж чадахгүй байна. Бидний одоо ч хориглож байна. Цаашдаа яахыг таамглаж болно. Харамсалтай нь таамаглал маань  бүтнэ» гэв.

«Шудрага Орос улс» намын фракц хуулийн төслийн санал хураалтад оролцохоос татгалзав. Энэ нь ард түмний эсрэг хууль хэмээн фракцын удирдагч Сергей Миронов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хууль тогтоогчид оо! Ичмээр хэрэг болж байна. «Шудрага Орос улс» фракц ийм инээдмийн жүжигт оролцохгүй. Манай фракцын гишүүд гуравдахь хэлэлцүүлгээр санал хураах үеэр эсэргүүцэж хуралдааны танхимаас гарч явна» гэв.

Ингээд оросын парламентын хоёр танхим  нийгэмд өөр өөр санал төрүүлсэн хуулийг  батлав. Одоо ерөнхийлөгч Владимир Путин баримт бичигт гарын үсэг зурах ёстой. Төрийн тэргүүн хориг тавих эрхээ ашиглах эсэх нь одоогорор тодорхой биш байна. Хурал цуглааны тухай хууль европын практик ажиллагаанд харш байвал ерөнхийлөгч гарын үсэг зурахаас татгалзана гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  мэдэгджээ.