ШХАБ-ын байнгын гишүүдийн тоог олшруулах нь байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж олонхи шинжээч үзэж байна. Гэвч юуны түрүүнд ямар улсыг хамгийн гол нь хэдийд элсүүлэх асуудал нээлттэй хэвээр байна. ШХАБ-ын ээлжит дээд хэмжээний уулзалт 6-р сарын 6,7-нд Бээжинд хуралдана. Энэ удаагийн уулзалтаас ШХАБ-ын гишүүдийн тоог хэвээр байлгаж эсвэл нэг-хоёр гишүүнийг шинээр элсүүлэх шийдвэр гаргах бол уу?

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев Бээжингийн дээд хэмжээний уулзалттай холбогдуулан «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгч, ШХАБ нээлттэй байгууллага байгаад анхаарлыг хандуулав. Иймээс ШХАБ-ын гишүүн орнуудын тоог олшруулж болно гэж Иманалиев хэллээ.

Сүүлийн хоёр жилд байгууллагад бэлтгэсэн баримт бичгүүд ШХАБ-ыг өргөжүүлэх асуудлыг практик хэрэг дээр шийдвэрлэх чухал угтвар нөхцлийг бүрдүүлж байна. 2010 онд  Ташкентын дээд хэмжээний уулзалтаар шинэ гишүүдийг элсүүлэх тогтоолыг батласан билээ. Өнгөрсөн онд Астанад төрийн тэргүүн нар ШХАБ-д элсэх улсуудын үүргийн тухай санамж бичгийг сайшаав.

Бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан аюул сорилтыг хамтын хүчин чармайлтаар л давж болохыг Москва ШХАБ-ыг өргөжүүлэх асуудлаархи санал шүүмжлэл дээр ямагт  онцлож ирсэн юм. ШХАБ-ыг өргөжүүлэхээс өөр хувилбар алга хэмээн манай орон үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Синьхуа агентлагад мэдэгдэв.

Чухам  ямар улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болоход ойртсон бэ? Юуны түрүүнд Энэтхэг,Пакистан хоёрыг дурдаж болно гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Анатолий Клименко хэлээд

«Ямар учраас  чухам эдгээр хоёр улс элсэх вэ гэвэл Орос улсаас Энэтхэгийг, Хятадаас Пакистаныг ивээн дэмжиж байна. Харилцан найр тавьж эдгээр хоёр улсыг нэг зэрэг элсүүлэх бололтой. Орос улсын аль эртний түнш Энэтхэг улс Төв Азид үр нөлөөтэй байхыг сонирхож байна. Тус улс терроризмтэй хийх тэмцлийг юуны түрүүнд сонирхож байна. Эл асуудал Орос,Хятад хоёрыг бас түгшүүлж байна. Пакистаны тухайд гэвэл тус орны тогтворгүй байдал төв азийн орнуудыг түгшүүллээ. Түүнээс гадна цөмийн материал Пакистаны нутаг дэвсгэрээс гадагшаа гарч болзошгүй. Пакистаныг ШХАБ-д элсүүлэх нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж бодож байна» гэлээ.

Энэтхэг, Пакистаны хоорондын хүнд түвэгтэй харилцаа эдгээр улсыг байгууллагад элсүүлэхэд саад тотгор болохгүй гэж Анатолий Клименко үзэж байна. ШХАБ-ыг гишүүн орнуудын хооронд гарсан түвэгтэй асуудлыг шийжвэрлэхээр л байгуулсан гэж шинжээч онцлов. Гэвч Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов өөр санаа бодолтой байна. Энэтхэг, Пакистан хоёр улсыг элсүүлэх ер нь ШХАБ-ыг өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ бүх нааштай ба зохисгүй талыг нарийн эргэцүүлэн бодвол зохино гэж тэрээр хэлээд

«Ийм шийдвэр нааштай ба наашгүй талтай. ШХАБ-ын геополитикийн чадавхи нэмэгдэх нь нааштай тал. Гэвч өөр нэгэн асуудал гарч мэднэ. Энэтхэг, Пакистаны хоорондын зөрчлийг арилгаагүй байна. Нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан санал зөрөлдөөн тэдгээрийн дотор байна.Байгууллага эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэхэд хэцүү. Миний бодоход ШХАБ-ыг хэт өргөжүүлэх нь зохих үр дүнд хүрэхгүй. Олон улсын бусад байгууллагын жишээ үүнийг тод харуулж байна. Янз янзын улс орнууд  элсвэл байгууллага ажиллахаа больж, дээд хэмжээний уулзалтууд ч хоосон үг яриа, хэрүүл маргаан төдий болж хувирдаг. Ялангуая гишүүн орнуудын шийдвэрийг биелүүлэхэд хэцүү болдог»  гэв.

Гэсэн ч ШХАБ  байгууллагаа өргөжүүлэх асуудлаар улс төрийн хэмжээнд зөвшөлцсэн шиг байна. Харин хүссэн улс болгоныг элсүүлэх замаар ШХАБ-ыг түргэн өргөжүүлэх хэрэггүй. Ажиглагч ба яриа хэлэлцээ хийх  түншүүдийн тоо нэмэгдэнэ. Бүр ШХАБ-ын Бээжинд хийх дээд хэмжээний уулзалтаар хоёр мэдүүлгийг дэмжинэ гэж шинжээчид үзэж байна. Байдал нь ШХАБ-ын гишүүн бүх улсыг түгшүүлж байгаа Афганистан ажиглагч, Түрк улс яриа хэлэлцээ хийх түншийн статустай болж мэднэ.