Сирийн гогцоо улам л бачуу болсоор байна. Барууныхан тус улсыг колончлох гэж байна гэж Дамаск мэдэгдлээ. Улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлье гэсэн ерөнхийлөгч Башар Асадын саналыг сирийн сөрөг хүчнийхэн хүлээж авсангүй. Энхүү нөхцөл байдалд НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сири улс иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдсэн байна.

Европын орнуудын нэг ч тэргүүн, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ч НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр сирийн мөргөлдөөнд оролцохыг зүрхлэхгүй байна гэж Эдийн засгийн лондоны сургуулийн шинжээч Фаваз Гергес үзэж байна. Ийм учраас сирийн хямралыг зохицуулахад хамгийн гол тоглогч гэж тэр үзэж байгаа ОУ-ын үүрэг маш чухал юм. Сири улсын ерөнхийлөгч Башар Асад, манай улсыг колончлох зорилготой дайн хийж байна гэж Барууныхныг буруутгалаа. Тэрээр шинээр сонгогдсон парламентын өмнө үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна: «Сири улсад зөвхөн энхийн жагсаал цуглаан болж байгаа, зөвхөн төр засаг л цус урсгаж байгаа гэж олон улсын хамтын нийгэмлэг болон энэ бүс нутгийн зарим орнууд үзсээр байгаа юм. Мөргөлдөөн эхэлснээс хойш жил хагасын дараа багы нь хуулж авлаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг нь тодорхой байна. Колончлох сэхүүн санаархал юу вэ гэдгийг хэнд ч тайлбарлах хэрэггүй биз ээ. Энэ санаа байсан,  байгаа, байх ч болно» гэж тэр хэллээ.

Төр засаг сөрөг хүчинтэй хамтран эрж хайх улс төрийн шийдвэр л Сири улсын аврана гэж Асад мэдэгдсэн байна. Харин яриа хэлэлцээг алан хядагчдын гар хөл болоогүй, олон улсын цэргийн түрэмгийлэлийг дэмжээгүй хэн бүхэнтэй хийх болно гэж онцлон тэмдэглэсэн байна.Харамсалтай нь сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөл Башар Асадын саналыг хүлээж авсангүй. Башар Асадын холбоотон асан, одоо түүнийг шүүмжлэгчдийн нэг болсон Турк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган түүний хэлсэн үгийг ийнхүү тусгаж авлаа: «Башар Асад дандаа л гадаадын тоглогчдыг буруутгаж байдаг юм. Сирийн нутаг дэвсгэр дээр цус урсаж байхад тэр энэ аллагын ард гадаадын хүүхэлдэйнүүд байгаа гэсэн улигт үгээ л давтаж байна. Сонгууль сирийн ард түмний сэтгэл санааны илрэл болсон гэж тэр ярьж байна. Сөрөг хүчин оролцоогүй юм чинь сонгууль шудрага болсон гэж үзэж болохгүй» тэр ярилаа.

ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 3-нд Кофи Аннантай ярихдаа тусгай төлөөлөгчийн энхийн  төлөвлөгөө нь хямралыг улс төрийн аргаар зохицуулах цорын ганц арга зам гэж хэлсэн байна. Энэ байр суурийг Хятад улс дэмжиж байгаа юм. Аннаны төлөвлөгөөнөөс татгалзах нь Сири улсыг бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэж мэднэ гэж өнөөдөр Хятадын КН-ын ТХ-ны “Женьминь жибао” сонинд бичсэн байна. “Олон улсын хамтын нийгэмлэг, Кофи Аннаны төлөвлөгөө үгүй болсон гэх мэт сурталчилгаанд автахгүй, тэвчээртэй байх хэрэгтэй гэж” тус өгүүлэлд бичсэн байна.