Оросын археологчид асар том экспедицид бэлтгэж байна. Тувагийн БН улсын нийслэл Кызыл хотоос энэ экспедици тун удахгүй гараандаа орох гэж байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгу энэ тухай мэдээлсэн байна. Кызыл-Курагино чиглэлд тавихаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу археологийн малталт хийхээр дэлхийн арав гаруй орноос эрдэмтэд сайн дурынхан ирэх болно. Археологчдын лагерь дээр үед Монгол, Хятад улс руу явдаг байсан эртний замын дагуух голын эрэг дээр байрлах юм байна.

Энэ газрыг судлахыг хүссэн сайн дурынхан асар олон байсан тул тусгай уралдаан зарлахаас өөр аргагүй болжээ. Тувад түүхийн жинхэнэ дурсгал болсон эртний бунхан-толгод их байдаг учир энэ уралдааныг “Хаадын хөндийн нууцыг тайлья” гэж нэрлэсэн байна. Уралдааныг өнгөрсөн жилийн сүүлчээр зарласан билээ. Зохион байгуулагчид Орос болон гадаадын 150 орчим улсуудаас 100 гаруй мэдүүлэг хүлээж авсан байна. Энэ экспедицид оросын оролцогчдоос гадна Австр, Бельг, АНУ, Их британи, Франц улсууд болон ТУХН-ийн орнуудын сайн дурынхан оролцох болно.

Малтлагын ажилд 200 сайн дурынхан оролцох юм. Зохион байгуулагчид нь оролцож байгаа эрэгтэй, эмэгтэй залуучуудын тоог ижилхэн байхаар тооцсон байна. Тэд бүгдээрээ өөр өөр мэргэжлийн хүмүүс байгаа гэж Сергей Шойгу ярьсан байна. Энэ зоригтнуудын дунд эмнэлэгийн сувилагч, нефтьхимичин, номын санч, бараа судлаач, загвар зохион бүтээгч бүр тэнгис далай судлаач, банкны мөнгө тээвэрлэгч хүртэл байгаа юм. Тэд бүгдээрээ эртний түүхийг сонирходог бөгөөд экспедицийн ажил эхлэх өдрийг тэсч ядан хүлээж байна.

Энэ улиралд сайн дурынхан түүхийн 40 гаруй обьект дээр ажиллах археологчид болон эрдэм шинжилгээний ажилтнуудад туслах юм байна. Шинэ төмөр замын салааны зураг төсөл зохиогчид археологчдын ажилд бүх талаар туслана гэж амалсан байна. Соёлын дурсгалт зүйлийг хамгаалахын тулд тэд замын шууд хэсгийг өөрчлөхөд ч бэлэн байна. “Кызыл-Курагино” чиглэлийн замын урт нь 400 километр юм. Энэ зам далайн түвшнээс дээш 1300 метрт тавигдах ба хэд хэдэн оргилыг 50 мертийн урттай гүүрээр холбох юм. Зам барилгын ажлын үед ажилчид 16 сая шоо метр шороо зөөх болно гэж хөрөнгө оруулагчид ярьсан байна. Мэргэжилтнүүд 1 тэрбум тонн нөөцтэй гэж тооцож байгаа нүүрсний орд газрыг эзэмшихэд энэ төмөр зам оросын бизнесменүүдэд ирээдүйд туслах юм.