ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө орой Төв болон Зүүн Азийн орнуудаар хийх аялалаа эхлэнэ. Тэрээр эхлээд Узбекстан, Казахстан улсуудад албан ёсны айлчлал хийж, ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш анх удаа Хятад улсад төрийн айлчлал хийж тэнд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд В. Путин Иран, Афганистан улсуудын ерөнхийлөгчид Махмуд Ахмединежад, Хамид Карзай нартай уулзана. Тэрээр 6-р сарын 4 буюу өнөө орой анхны айлчлалаа Ташкентэд хийх бөгөөд тус улсын ерөнхийлөгч Ислам Каримовтой, энэ оныг дуустал ТУХН-ийн хүрээн дэх чөлөөт худалдааны бүсэд Узбекстан улсыг нэгтгэх процессийг өндөрлөхөд зориулсан практик алхамуудыг хэлэлцэх юм байна. Өнөө орой Путин Бээжин рүү ниснэ. Хятад улсад 6-р сарын 5-6-нд хийх айлчлалынхаа явцад оросын ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ху Зиньтао болон тус улсын бусад удирдагчтай уулзах юм. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа тэр дундаа орос, хятадын хий дамжуулах хоолой барих асуудал хэлэлцээний гол сэдэв байна гэж хятадын тал үзэж байна. В.Путин 6-р сарын 6-7-нд болох Орос, Хятадаас гадна Казахстан, Киргиз, Таджикстан, Узбекстан улсууд багтдаг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд тус байгууллагын ажиглагч орнууд юм. Энэ дээд хэмжээний уулзалтад Афганистан, Туркменстан улсуудын ерөнхийлөгчдийг зочноор урьсан байна. Афганистан улсад ажиглагчийн, Туркменстан улсад яриа хэлэлцээний түншийн статусыг тус тус олгохоор төлөвлөж байна. Уулзалтын үндсэн сэдэв нь уламжлал ёсоор бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байх болно. Тус бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн тохиолдолд хариулт өгөх боломжийг өргөтгөсөн баримт бичигт гарын үсэг зурах болно.