Сирийн Хула тосгонд 100 гаруй энгийн номхон иргэдийг буудан хороосон нь Барууныхан болон Дамаскын хоорондох ангалыг улам гүнзгийрүүллээ. НҮБ-ын АЗ дээр энэ асуудлыг хэлэлцсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийг дахиад л хагаралд хүргэлээ. Үүний үр дүнд өнгөрч буй долоо хоногт сирийн эргэн тойрны асуудал улам хурцадлаа.

Сирийн төр засгийн эсрэг бослогод оролцохоос татгалзсан учир Хула тосгоны энгийн иргэдийг алан хядагчид алсан гэж Дамаскын байгуулсан комисс мөрдөн байцаалтаа үндэслэн мэдэгдсэн байна. Энэ дүгнэлтийг жигшмээр худал зүйл гэж НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Сьюзен Райс шууд л мэдэгдлээ. Хулад болсон эмгэнэлт явдалд хэн буруутай тухай НҮБ-ын эхний дүн гараач үгүй байхад Барууны 20 орон болон Япон улс Сири улсын элчин сайд нарыг нутгаасаа хөөж гаргалаа.

Иймэрхүү байдал болох л байсан гэж Оросын ШУА-ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ярьж байна. Барууны тэргүүлэх хэдэн орны нийслэлээс үзүүлэх байдлаар элчин сайд нарыг хөөсөн нь үнэхээр байж болшгүй зүйл юм. Сири улс нь олон улсын хуулийн дагуу барууны эдгээр улсуудтай дайны байдалд хүрээгүй байгаа шүү дээ. Эдгээр улсууд Сири улсад дайн зарлаагүй, Сири улс ч эдгээр барууны орнуудад дайн зарлаагүй шүү дээ гэж тэр ярилаа.

Сирийн хямралыг өөрийнхөөрөө шийдэхийн тулд Барууныхны олон улсын хууль дүрмийг басамжилж байгаа анхны оролдлого нь энэ биш юм. НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг тойрон гарч Сири улсад халдан довтлож магадгүй гэж АНУ мэдэгдлээ. Харин үүнээс нэг хоногийн дараа Пентагоны тэргүүн Леон Панетта энэ мэдэгдлийн агууллагыг арай зөөлрүүлсэн байна. Сирид явуулах цэргийн ажиллагаанд америкийн арми оролцохыг тэрээр үгүйсгээгүй бөгөөд НҮБ-ын АЗ-ийн тогтоол гарсан тохиолдолд гэж хэлэхээ арай ч мартсангүй ээ.

 Сирийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох АЗ-ийн мандатыг Орос, Хятад улсууд дэмжихгүй гэдгийг Пентагоны дарга мэдэж байсан байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев тэмдэглээд: «Энд үнэнээс худал нь их байгааа бололтой. НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг тойрон гарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Югослав, Ирак улсуудын хувилбарууд гэсэн үг. Харин тэр цаг аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Сонгуулийн кампанит ажлын өмнөхөн бас нэг дайн Барак Обамад огт хэрэггүй. Америк цэргийн цогцстой анхны авс түүний ерөнхийлөгчөөр сонгогдох бүх итгэл найдврыг үгүй хийнэ» гэж хэллээ.

НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдох нь Сири улсад халдан довтлох хувилбараас зайлсхийх цорын ганц арга юм. Хямралыг зохицуулах ганц арга бол энэ гэж Москвад үзсээр байна гэдгийг ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн Дорнын судалгааны төвийн удирдагч Андрей Володин сануулж байна.

Цэргийн хувилбар бол Газрын дундад тэнгисийн Дорнод хэсгийн орнууд тэр тусмаа Турк улсыг сүйрлийн байдалд хүргэнэ. Энэ хувилбар эцсийн эцэст Персийн булангийн нефтийн хаант улсууд болон Барууныханд сүйрэл авчирах болно. Эдгээр тааламжгүй нөхцөл байдлыг Москва тооцон үзэж байгаа гэж би бодож байна гэлээ.

Москва Башар Асадыг хамгаалаагүй, түүнийг огцруулах асуудлыг ч дэмжэхгүй гэдгээ дахин ойлгууллаа. Парист Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Владимир Путин ийнхүү мэдэгдлээ. Мөргөлдөөнд оролцож байгаа талууд хүчирхийллээ зогсоож хэлэлцээрийн ширээнд суухыг Путин уриаллаа. Энэ улсын төрийн бүтэц нь ямар байх, хэн удирдах ёстойг зөвхөн сирийн ард түмэн л шийдэх ёстой гэж ОУ-ын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.