Хэрвээ манай улсын цөмийн объектуудад цохилт өгвөл яг ижилхэн хариулт өгнө гэж Иран улс ээлжит удаагаа АНУ, Израиль улсуудад анхаарууллаа. Лалын БН улсын дээд удирдагч Али Хаменеигийн зөвлөх, генерал Яхья Рахим энэ тухай мэдэгдсэн байна. Ираны пуужингууд Израилийн аль ч нутагт тусах чадвартай гэж тэр мэдэгдсэн байна. Ираны цөмийн объектуудад цохилт өгөхөд бэлэн байна гэж АНУ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдсний хариуд энэ мэдэгдлийг хийсэн гэж ажиглагчид үзэж байна. Тегерантай цөмийн асуудлаар хийж байгаа хэлэлцээр тасалдсан тохиолдолд Иран улсын эсрэг хийх байлдааны ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан гэж АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта америкийн Эй-Би-Си телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм. Ираны цөмийн асуудлын талаархи санал зөрөлдөөнийг энхийн аргаар талууд шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна гэж Панетта хэлсэн байна. Тегеран цөмийн зэвсэг бүтээж байгаа гэж Барууны орнууд сэжиглэж байгаа юм. Үндэсний цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилготой гэж Иран улс мэдэгдсээр байгаа юм.