Халуун орны мөнх ногоон бүсийн  амралтын газар, өвлийн намуухан өдөр альпийн нуруунд  цанаар гулгах нь жуулчны диваажин гэж та бодож байна уу, тэгвэл үгүй. Цаг уур нь нутгийн   хүмүүсийн хувьд  чухал сорилт болсон   тийм хязгаар нутаг жуулчны диваажин болж байна гэвэл та итгэх  үү? Энэ бол ОХУ-ын  Бүгд Найрамдах Саха /Якут/  улс. Энэ улсын байгал, цаг агаар, хүн ам, ан амьтанг  сонирхож байгаа хүмүүсийн тоо Орос улсад төдийгүй  гадаадын олон оронд  улам олширч байна.  

Тус Бүгд найрамдах улс нь ОХУ-ын Сибирийн зүүн-хойд хэсэгт оршдог юм. БН Саха улс нь очир  эрдэнийн их нөөцтэй, хахир хатуу цаг ууртай. Энэ бүс нутаг богинохон зун, урт удаан өвлийн улиралтай юм. Энд өвөлдөө хасах 60 хэм хүртэл хүйтэрч, зарим газруудаар Цельсийн 70  хэм хүрдэг, харин арван хоёр сарын долоо нь цас, мөсөнд хучигддаг юм.  Тэр ч бүү хэл,  зарим газруудад   мөс огт хайлдаггүй  бөгөөд  тэрхүү мөнх цэвдэгийн  газруудаас эрдэмтэд хэдэн сая   жилийн өмнө амьдарч байсан түүхийн өмнөх үеийн  амьтнуудыг олсон.

БН Саха улс нь ОХУ-ын бүс нутаг бөгөөд уламжлалт амьдралынхаа хэв маягийг хадгалж ирсэн  нутгийн уугуул иргэд байгалийн нөөцийг олборлон эзэмшиж, усан цахилгаан станц барьж байгуулахаар энэ нутагт ирсэн  хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж амьдарч буй юм. ХХ зуунд энэ бүс нутагт техникийн бүхий л ахиц дэвшил гарсан хэдий ч, Саха улс  өнөөг хүртэл онгон байгальтай  дэлхийн улс орноор тооцогдсоор  ирсэн тухай  БН Саха  улсын дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко хэлэхдээ

«Миний бодлоор  Саха улс сайхан байгальтайгаас гадна эндхийн хүмүүс нутаг орныхоо байгальтай өвөрмөц сайхан  харьцдаг.Бид  очир алмаз олборлодог газруудаар болон Дэлхийн  том ангалаас  холгүй  орших Мөсжилтийн үед энэ газар нутаг дээр амьдарч байсан бизон болон сарлаг зэрэг амьтдыг  үржүүлдэг манай газруудаар аялал зохиодог. Дашрамд хэлэхэд,  арслан  заан болон  тэр  үеийн  үндсэн олдворууд нь  зөвхөн мөнх цэвдэгийн Саха улсаас олддог. Чухамдаа манай нутагт олдсон арслан заануудын  олдворууд  нь якут-японы эрдэмтдийн  энэ амьтныг хувилах ажлын  үндэс суурь болж  мэднэ» гэлээ. Саха улсын нутаг тэртээх  сая жилийн өмнө манай дэлхий дээр ямар амьдрал байсныг мэдэж болох  хосгүй газар юм.

Саха улсын түүхэн дурсгалт-газруудын нэг бол дархан цаазат   “Ленские столбы” /”Лены шонгууд”/ бөгөөд ойрын үед ЮНЕСКО-гийн  дэлхийн өвийн жагсаалтад орох  болно. Эндхийн бүх юм саяаар хэмжигддэг. Дархан  цаазат газар сая  гаруй га талбайтай, түүний байгаль цаг уур гэхэд л хэдэн зуун  сая настай. Эрт дээр цагт  хур тундас, гол горхины  ус болон хээрийн салхи  нь чулуун гадаргууг гайхалтай хэлбэртэй хад асгад болгож хувиргажээ.

Гэхдээ чулуун шонгууд аймшигтай сэтгэгдэл төрүүлдэггүй, учир нь  үүний дэргэд тайга  болон  зүлэг ногоотой  дов толгод, гол горхи оршдог. Лены шонгуудын байгаль дунд  нэгэн гайхалтай газар байдаг бөгөөд тайга дахь   зэлүүд  газар юм.  Хүйтэн Якутад  өмнө зүгийн ургамалтай   гэнэт тааралдлаа гээд  боддоо. Энэ газар бол археологчидыг  сонирхолыг маш ихэд татаж байгаа, учир нь  энд Африкад олдсоны адил чулуун зэвсгийн үеийн хүний бууцыг олсон юм.

Түүхийн өмнөх үеийн дурсгалт газруудаар зуны улиралд  зугаалсан нь дээр, гэхдээ ихэнхи хүмүүс Якут руу өвөл аялаж, байгалийн жинхэнэ адармаатай нөхцөлүүдийг мэдэрхийг хүснэ.  Аялал жуулчлалын компаниуд жуулчдад  “янз бүрийн” амралт зугаа  санал болгож байлаа.Үүнд : цаа бугаар аялах, нохой хөлөглөж зугаалгаар явах,  якутын уул хад болон хөлдүү гол дээгүүр жип машинаар давхих.Түүнчлэн,  хөлдсөн голын мөсөн дороос загас барих. Сонирхолтой нь загасыг барих зуур тэр модойтол тас хөлдсөн байдгаас,  түүнийг зорох болдог.Сонин байгаа биз! Өвлийн тэсгэм хүйтэнд нутгийн уугуул үндэстэн эвенкүүдийн оромж болох чумад хамгийн эр зоригтойнууд нь  унтана. Энэ тухай тус улсын дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко  хэлэхдээ

«Саха улсад хүмүүс өглөө бүр 60 хэмийн хүйтэнд гэрээсээ гарч, ажилдаа явах ёстой байдаг. Нутгийн уугуул иргэд цаа бугаар  юм уу мориор явж өнөөг хүртэл ан агнаж, мөсөн дороос загас барьж амь зуудаг. Энэ бүгдийг хийхдээ бид байгалийн өвөрмөц нөхцөлд амьдардаг гэдгээ тэр бүр анхаардаггүй. Энэ бол ердийн амьдрал. Том хотуудаас ирсэн хүмүүсийн хувьд хөлдсөн гол дээгүүр жипээр аялах нь жинхэнэ адармаатай бол бидний хувьд  энэ нь жирийн л нэг  явдал.  Мэдээж жинхэн адармаатай аялал ч бас болдог л доо. Саяхан нэгэн япон хүн өвлийн хүйтэнд унадаг дугуйгаар манай хүйтэн нутгийг зорьж ирсэн байсан. Түүнд хэцүү байсан, гэхдээ тэр дараа нь харамсаагүй» гэлээ.

Оймякон тосгон хүйтэний туйлд байдаг бөгөөд Оросын долоо дахь гайхамшиг юм. Энэ цэг бол бөмбөрцөгийн Хойд хэсгийн хамгийн  хүйтэн  газар бөгөөд Цельсийн 71 хэм хүрдэг юм. Эндхийн зуны улиралд ч гэсдэггүй, мөнх цастай ууланд  Якутын Өвлийн хаан – Чыысхаан амьдардаг. Домогт гардагаар жил бүрийн өвөл тэр Хойд мөсөн далайгаас гарч ирэхдээ  хүйтэний жаахан хэсгийг  авч ирдэг аж. Дашрамд хэлэхэд, чухамдаа түүний гараас оросын Өвлийн өвгөн аав болон лапландын Санта-клаус өөрийн эзэмшлүүдэд өвлийн цаг агаар аваачдаг аж. Гэхдээ хүйтэний туйлд болон  орчмын газарт үлгэрийн баатрууд амьдардагийн зэрэгцээ хүмүүс аж төрдөг юм.

Хэрэв та энэ нутагт ирэх болвол, нутгийн уугуул үндэстэн эвенкүүдийн тосгонд  заавал зочлоорой. Тэд маш зочломтгой зантай, тэгээд ч жуулчдыг хойд нутгийн  үндэстнүүдийн  уламжлал ёс заншил болон амьдралын хэв маягийн тухай сонирхолтой  олон яриа хүлээж байдаг юм. Энд ирсэн зочдыг  загас, цаа бугын махаар зочлон дайлдаг бөгөөд нутгийн бөө  нар бөөлөн,   якутын үндэсний  хувцастай  үндэсний баярыг зохион явуулдаг сайхан уламжлалтай.

Хэрвээ та энэ хязгаар нутагт ирэх боломж гарвал  умардын туяаг заавал үздэг юм шүү. Үүнийг хүлээхэд тийм ч их хугацаа орохгуй. Өвөл энэхүү үзэгдэлийг  бараг  өдөр бүр харж болно. Мэдээж хэрэг шөнийн тэнгэрт холилдох    олон өнгийн туяаг хүйтэний  туйлын ойролцоо төдийгүй  Сахагийн ихэнхи газраас ажиглаж болно. Гэхдээ  чухам хойд туяаны энэхүү  гэрэл гэгээ  л  таны авсан зургууд дотор хамгийн  тод  томруунаар  үлдэнэ гэж та бод доо.

Түүнчлэн энд ирсэн хүн заавал оролцох ёстой нэгэн арга хэмжээ байдаг юм. Энэ бол Чочур-Муран тосгоноос байнга зохион явуулдаг мөсөн уран баримлын наадам.  Мөсөн уулын дотор мөсөн тасалгаанууд байх бөгөөд эндхийн үзэсгэлэнгийн танхимуудад  мөсөөр хийсэн эрхэм дээж бүтээлүүд байдаг.

Саха улсаас бэлэг дурсгал болгож юу авч явж болох вэ? Цаа бугын арьсаар болон арслан зааны ясаар хийсэн  бэлэг  дурсгалын зүйлүүд нь танд таатай сэтгэл төрүүлнэ. Эмийн бүтэцэнд ордог  панты буюу цаа бугын  эвэр. Түүнчлэн, үлгэр домгийн нутгаас авч явахгуй байхын аргагуй бас нэгэн чухал зүйл бий. Энэ бол якутын алмаз буюу очир эрдэнэ. Дашрамд хэлэхэд, олон хүн одоо болтол чухам ямар учраас якутад ийм олон судлагдаагүй,  алмазын орд газар байдаг юм бэ гэж асуудаг юм. Учир нь гэвэл, Сахад зөвлөлтийн геологийн эрдэмтэд болон аж үйлдвэрийн алмаз олборлогчид энд ирэхээс  өмнө үед нутгийн уугуул иргэд үнэт чулууг төдийлөн сонирхдоггүй байсан. Түүнчлэн,  якутууд  энэхүү алмазыг  бурхны нүд хэмээн хүндэтгэн   үзэж, огт хүрдэггүй байжээ. 

Орчин  үеийн жуулчид тэдгээр чулуунд гар хүрэх боломжтой төдийгүй энэхүү үнэт чулууг хэрхэн олборлож, боловсруулдаг тухай нууцыг мэдэх боломжтой юм. Үүний тулд Сахад тусгайлан “Алмазын цагариг” аялал зохион байгуулжээ. Аялалын явцад эрдэнэсийн томоохон олборлох орд газарт очиж өөрийн нүдээр байгалийн эрдэс баялаг хэрхэн   үнэт эрдэнийн чулуу болж хувирахыг харах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь 9-р сард Саха улсад ирсэн жуулчид   энэхүү үнэт чулууны их хямдралын  “Очир эрдэнийн долоо хоног”-т таардаг  юм.

Эцэст нь хэлхэд, намар цагт Сахад ирвэл та якутын байгалийн болон  цаг агаарын  таатай үед таарна. Якутын хувьд намрын улирал нь хаврын нэгэн адил цанаар гулгахад  хамгийн сайхан таарамжтай үе  байдаг юм. Энэ үед цанаар гулгахад тийм ч хүйтэн биш, гэхдээ ууланд  цастай  байдаг. Тиймээс, Саха буюу  Якутад аль ч улиралд ирэхэд сайхан даа, та нар өөрсдөө л сонгоорой !