Сейф аль-Исламыг баривчласан ливийн ардын журамт цэргийнхэн түүнийг улс орны шинэ эрх баригчдад шилжүүлэхийн хариуд мөнгө шаардаж байна. Босогчдын алсан Муаммар Каддафигийн 39 настай хүүг Ливийн баруун-хойд Зинтан хотын шоронд хорьжээ. Орон нутгийн ардын журамт цэрэг түүнийг Ливийн эрх баригч Үндэсний шилжилтийн зөвлөлд шилжүүлэх арга хэмжээг хойшлуулав. Шинэ засаг захиргаа бидэнд бараг 1,5 сая долларын өртэй гэж тэд хэлсэн тухай  Олон улсын эрүүгийн шүүхэд суугаа Ливийн төлөөлөгч Ахмед аль- Жехани мэдээлжээ.

«Оросын дуу хоолой» радиогоос байдлыг тайлбарлах хүсэлт Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Анатолий Егоринд тавихад тэрээр

«Одоо Ливид мөнгө хөрөнгийн хуваарийг хэн ч хянан шалгахгүй байна. Үндэсний шилжилтийн зөвлөл нефть худалдаж ямар нэг орлого авч байна. Гэсэн ч хулгай тонуул, хөрөнгө үрэн таран болгох хэрэг явдал түүнд тулгарсан.Тус зөвлөл Зинтан дахь ардын журамт цэргээс гадна өөр этгээдүүдэд бас өр тавьсан. Сейф аль-Исламыг  албан ёсны эрх баригчдыг сүрдүүлэх нэг ёсны хэрэгсэл болгосон» гэв.

Ливийн эрх зүйн талаархи мэргэжилтэн Халид Зейо хэлэхдээ «Мэдээжээр энэ нь хэвийн бус байдал юм. Зинтаны бүлэг хуулиас гадуур дур зоргоор авирлаж байна. Нэгдсэн засаг бүх бүс нутагт нөлөөлэх нь зайлшгүй чухал. Сейф аль-Исламын цаашдын хувь заяаг тодорхойлох хэрэгтэй. Муаммар Каддафигийн хүүгийн байдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсаар байна. Өөр хэдэн асуудлыг шийдвэрлэхийг төв засаг захиргаа оролдсон ч  одоогоор амжилт гаргахгүй байна» гэв.

Гэвч ардын журамт цэргээс шаардлага зүй ёсоор тавьсан гэж Олон улсын эрүүгийн шүүхэд суугаа Ливийн төлөөлөгч Ахмед аль-Жехани  үзэж байна. «Энэ нь хувьсгалчдын сүүлийн саруудад хийсэн ажлын төлбөр юм» гэж тэрээр хэлжээ.

Ноён Жехани  үг яриагаа зөөлрүүлсэн гэж ажиглагчид үзсэн. Зинтаны бүлгийн дур зоргын ажиллагаа төв засаг захиргаанд таалагдахгүй байна. Гэвч тэд юу ч хийж чадахгүй  гэж Анатолий Егорин хэлээд

«Үндэсний шилжилтийн зөвлөлийн байр суурь сулхан. Жишээ нь Киренаика өргөн автономит эрхээ зарлав. Ливийн өөр бүс нутаг эрх баригчдын заалтыг тэр болгон мөрдөхгүй байна. Үндэсний шилжилтийн зөвлөл хаалттай хуралдаан хийж өөрийн шийдвэр гаргаж байна. Эдгээр шийдвэрийг яаж боловсруулж байгааг хэн ч мэдэхгүй байна. Тэр ч байтугай шийдвэрийг яаж биелүүлэхийг хэн ч мэдэхгүй байна» гэв.

Ливи улс наанадаж Триполитани, Феззан, Киренаик  зэрэг гурван хэсэгт хуваагдаж бутрана гэж шинжээчид тус улсад НАТО-гийн цэргийн компанит  ажиллагаа ид явагдсан үед таамагласан билээ. Тэртээх таамаглал хэт өөдрөөг байсан нь одоо тодров. Эдүгээ Ливийн бараг бүх хот район өөрийн засагтай. Үнэн чанартаа Ливи улс НАТО-гийн хүчээр 2 дахь Сомали болж хувирав.