Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүд  Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хэдэн улс Сирид  хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох асуудлыг тавьж болзошгүй. Өрнөдийн орнуудаас энэ хаалттай хуралдааны өмнө  Дамаскын эсрэг дипломат арга хэмжээ уялдуулан зохицуулж авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Хомсоос холгүй Эль-Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш  Сири улсын тойрны хямрал хурцдав. Тэнд амь үрэгдсэн сирийн олонхи иргэнийг ойроос буудан хөнөөж эсвэл цаазласан байна. Бусад нь их бууны буудлагад хэлмэгджээ. Хүч хэрэглэсэн ул мөр зарим шарил дээр тод харагдана гэж НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын төлөөлөгч мэдээлэв. Засгийн газрын талыг баримтлагч ардын журамт цэрэг энгийн номхон хүмүүсийг буудан хөнөөсэн гэж сөрөг хүчин мэдээлжээ. Харин Дамаск өөрийн хувилбартай байна: лалын хэт даврагсад сууринд халдан довтолсноос хойш арми буудсан гэжээ.

Өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт  төлөөлөгч Кофи Аннантай утсаар ярьж, аллага хядлагыг обьектив үүднээс мөрдөн байцаахыг уриалав. Ажиглагчид бүрэн мөрдөн байцаах боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн орлогч Эрве Ладсус мэдээлэв. Учир нь шүүх-эмнэлгийн шижээчид алга. Эд бүхэн Сирид хямрал туйлдаа хүрсэн гэж Кофи Аннан  хэлэх үндэс болов.

Өрнөдийн хэдэн улс Эль-Хулад аллага хядлага үйлдснээс хойш  Сирийн элчин сайд  буюу Сирийн хэргийг түр хамаарагчдыг улс орнудаасаа гаргаж явуулахаар  шийдвэрлэв. Дипломат ажилтнуудыг албадан явуулах арга хэмжээ үр дүнд хүрэх нь эргэлзээтэй гэж  ЕХ-ны дэргэдэх Оросын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Владимир Чижов үзэж байна. Сөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх нь амар. Харин түүнээс гарахад хэцүү гэж Чижов  тэмдэглэв.

Сирид гадаадын цэрэг цөмрөн орж болзошгүй гэж АНУ, Австрали, Франц, Бельги улсууд ярьцгааж байна. Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр  эдгээр улсын төлөөлөгчид НҮБ-ын дүрмийг үндэслэн Сирийн эрх баригчдын эсрэг хүч хэрэглэх боломж олгох тогтоолыг батлуулахын төлөө тэмцэх юм. Дүрмийн 7-р бүлэг  энх тайванд заналхийлэх, түрэмгий ажиллагаа явуулах аюул учирсан нөхцөлд хүч хэрэглэх боломж олгож байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероб дурдаад

«Олон улсын эрх зүйн дагуу хоёр тохиолдолд хүч хэрэглэж болно. Өөрийгөө хамгаалах тохиолдолд эсвэл НҮБ-ын АЗ-ийн шийдвэрээр хүч хэрэглэж болно. Энэ удаад ийм тохиолдол алга. Ер нь өрнөдийнхөн олон улсын эрх зүйг бараг тоомсорлохгүй байна. 1999 онд Югославын эсрэг түрэмгийлэл үйлдэж,  2003 онд Иракад, өнгөрсөн онд Ливид цөмрөн орсныг дурдмаар байна» гэв.

Орос  Сири улсын хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох санаачилгыг НҮБ-ын АЗ-д дэмжихгүй гэж өнөөдөр Москвад ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов хэллээ. Орос улс сирийн мөргөлдөөнд гаднаас оролцох ямар ч ажиллагааг ямагт эсэргүүцэж ирсэн. Хүч хэрэглэх ажиллагаа Сири улсын төдийгүй бүс нутгийн байдлыг даамжуурлж мэднэ гэж дипломат ажилтан онцлов. Бээжин ч адилхан үзэл санаатай байгаа хийгээд  Сири улсын хэрэгт хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох ажиллагааг эсэргүүцэж байгаагаа батлав.