Сири улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдыг бүх талууд шүүмжилж байгаа явдалд тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ. Сирийн Хула тосгонд 100 гаруй хүнийг алж, 300 орчим хүнийг шархадуулсны дараа тус улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчид маш их шүүмжлэлд өртөх боллоо. Хүчирхийллийг зогсоож чадахгүй байна гэж ажиглагчдыг шүүмжилж байгаа ба бүр хүчирхийллийг даамжруулсан гэж ч буруутгах санаатай байгаа бололтой гэж НҮБ-ын АЗ-д явуулсан захидалдаа Пан Ги Мун бичсэн байна. “Зэвсэггүй ажиглагчдын үүргийн тухай, тэдний хийх, хийхгүй зүйлийн тухай маш буруу ойлголттой байна, үүнийг засахад хүндрэлтэй гэж” ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. Энэ нь НҮБ-ын ажиглагчдын хувьд тун аюултай гэж Пан Ги Мун хэлжээ. Хулад болсон явдлаас хойш НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны зуучлалтайгаар тогтоосон гал зогсоох дэглэмийг мөрдөхгүй гэж “Сирийн чөлөөт арми” гэгчийн хэд хэдэн зэвсэгт бүлэглэл мэдэгдсэн байна. Сирийн сөрөг хүчний орон нутгийн бүлэглэлүүд багтдаг Сирийн хувьсгалын Ерөнхий хороо, НҮБ-ын ажиглагчид Сири улсаас гарч явах ёстой гэж мэдэгдээд, Аннаны бүлгийнхэнтэй хамтран ажиллахгүй байхыг өөрийн талынхандаа уриалсан байна.