Герман улс евро бүст эдийн засгийн өсөлтийг урамшуулах өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байна. Берлин өрийн хямралд нэрвэгдсэн улсуудад зориулан эдийн засгийн тусгай бүсийг байгуулахыг ЕЗ-д санал болгов. Германи евробондыг нэвтрүүлэх францын үзэл санааны хариуд ийм санал дэвшүүлжээ. Эдгээр том  хоёр улсын маргааны явцад нэгдсэн Европын санхүүг аврах үнэн бий болно гэж шинжээчид найдаж байна.

 Албан татварын хөнгөлөлттэй бүс европын хүнд байдалд орсон улсуудад байгуулах гэж байна. Юуны түрүүнд Грек, Испани, Итали улсуудын талаар өгүүлж байгаа нь мэдээжийн хэрэг. Германы улс төрчдийн үзэж байгаагаар ЕХ-ны бусад гишүүн орнуудаас илүү бага албан татвар хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж, эдийн засгийн өсөлтийн хүчирхэг хүчин зүйл болно. Түүнээс гадна хямралд нэрвэгдсэн орнууд санхүүгийн байдлыг сайжруулахын тулд олон үйлдвэрийг хувьчлах ёстой. Энэ зорилтыг биелүүлэхээр хувьчлах тусгай санг байгуулах хэрэгтэй. Түүнчлэн ХБНГУ-ын эрх баригчдаас хөдөлмөрийн зах зээлийг шинэтгэж, германы загварт ойртуулахыг ажилгүйдэл гаарсан улсуудад санал болгов.

 Байдлаас харахад германы хатуу сахилга батыг европын бүх улсад нэвтрүүлэх санал дэвшүүлсэн Берлин ганцаардсан шиг байна. Харин нэгдсэн евро облигацийг гаргах тухай Парисын санаачилгыг бусад улс өргөн дэмжиж байна. Гэвч евро бүсийн тэргүүлэх эдийн засагтай Германы дуу хоолойг ЕХ-ны бусад бүх улс намжааж чадахгүй. Берлин «европын нийтийн өр» гэгч үзэл санааг эрс эсэргүүцэж байна. Гэвч хөршүүд нь түвэгтэй асуудлуудын нэг хэсгийг бусдад тулгахыг оролдсоор байна. Евро бүсийн дийлэнх олонхи улсын удирдагчид Францын ерөнхийлөгчийн санаачилсан нэгдсэн евробонд гаргах саналыг дэмжиж байна гэж Италийн ерөнхий сайд Марио Монти пурэв гаригт мэдэгдлээ. Итали  ЕХ-ны түншүүдтэй зөвшөлцөхөд нь Германд туслана.

Европын хамгийн хүнд байдалд орсон Грек улсын тухайд гэвэл хэтийн төлөвий нь талаар гутрангүй таамаглал тархсаар байна. Грек улс европ бүсээс гарч болзошгүй хэмээн ХБНГУ-ын сангийн сайд Вольфганг Шойбле төдийгүй Грекийн ерөнхий сайд Лукас Пападимос үзэж байна. Грекэд шинэ сонгууль явагдсны дараа бүрэн төгс шийдвэр гаргах хэрэгтэй гэж урьд ЕХ-ны удирдлага үзэж байсан. Харин шинэ эрх баригчид юу ч өөрчилж чадахгүй байх гэж одоо үзэх болсныг Европын Төв банкны тэргүүлэх эдийн засагч асан доктор Отмар Иссинг тэмдэглээд

«Грек  улс авсан үүргээ биелүүлэх ёстой. Үүргээ биелүүлэхгүй. Өрийг дарахгүй гэж ямар ч нам сонгуулийн дараа зарлан мэдээлэх ёсгүй. Шинэ сонгууль бол нэгэн боломж юм. Гэвч сонгууль сайн шийдвэр гаргах үр дүнтэй болох шинж тэмдэг алга» гэв.

Тэгвэл германы прагматик үзэл эсвэл францын «өрийг тэгшитгэх» санал Европт зонхилох уу? Парисын хандлага давамгайлж, баян хөрш улсууд жижиг Грекийн  асуудлыг шийдвэрлэх байх. Гэвч Испани, Итали мэт томоохон улсууд Афины жишээг дагахыг хүсч болзошгүй. Хөрөнгө оруулагчид сүйдлээс эмээж, эдгээр улсын эдийн засгаас хөрөнгөө гарган буцааж мэднэ. Иймээс Берлиний хандлага илүү оновчтой байх шиг байна. Гэвч Брюссельд л сонголт хийх юм.