Оросын ерөнхийлөгч Владимир Путин шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлав. Түрүүчийн сайд нарын танхимыг бодоход  бүрэлдэхүүнийг дөрөвний гурваар шинэчилжээ. Гэвч сайд нарын танхим урьдын чиг бодлогыг залгамжлана. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд нэн чухал гэсэн дүгнэлт шинжээчид шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласны дараа хийжээ. Тэр ч байтугай шинэ засгийн газар стратеги төдийгүй үйл ажиллагааныхаа тодорхой төлөвлөгөөтэй гэж оросын шинжээч Владимир Слатинов тэмдэглэн хэлээд

«Оросын ерөнхийлөгч Владимир Путины  тангариг өргөснөөс нь  хойш хэдхэн цаг өнгөрсний дараа гарын үсэг зурсан зарлигууд үйл ажиллагааны төлөвлөгөөг томъёолов. 10 гаруй зарлиг болон засгийн газарт өгсөн 40 гаруй даалгавар засгийн газрын бодлогын гол зорилго зорилтыг тодорхойлсон байна. Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд гэвэл олонхи нь дэд сайд байсан эсвэл удирдах уйл ажиллагааны талаар буурьтай туршлага хуримтласан   бизнесийн төлөөлөгчид»  гэв.

Алс Дорнодын хөгжлийг хариуцах болон Нээлттэй засгийн газартай  харилцах зэрэг шинэ хоёр сайд засгийн газрын бүрэлдэхүүнд оржээ.Нээлттэй засгийн газар төрийн баримт бичиг, үйл ажиллагааг хянан шалгах боломж иргэдэд олгож байгааг дурдая. Гол хэдэн тусгай газар юуны түрүүнд Эрчим хүчний яамны тэргүүнээр чухам хэнийг томилсон нь сонин байна. Эрчим хүч бол оросын эдийн засгийн  чухал чиглэл хийгээд чухам энэ салбарын орлого оросын төсвийн 40 хувийг шууд бүрдүүлж байна. Газпром, Роснефть компаниуд мөн тусгай газрын тэргүүний албан тушаалын  төлөө тэмцсэн нь нууц хэрэг биш. Харин эдгээр салбарт  хамаагүй сангийн яаманд дэд бүтцийг хариуцаж байсан Александр Новак эрчим хүчний яамны сайд боллоо.

 Мөн 30 хүрээгүй Николай Никифоровыг холбоо, зам харилцааны сайдаар томилсон нь тэмдэглэлтэй үйл явдал болсон. Урьд Орост ийм тохиолдол гараагүй. Тэр залуу байсан ч удирдах ажлын туршлагатай. Татарстаны засгийн газарт 7 жил ажиллажээ.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн тоо цөөрсэн байна. Владимир  Путины  засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй байсан бол Дмитрий Медведев тэргүүтэй сайд нарын танхимд хоёр эмэгтэй ажиллана.