Хомс мужийн Хула хотыг их буугаар буудсан явдлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Сирийн асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгч Кофи Аннан нар харгис гэмт хэрэг гэж нэрэллээ. Энэ буудлагын улмаас хэдэн арван энгийн номхон иргэд тэр дундаа хүүхдүүд амь насаа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлсэн байна. Хула хотод болсон эмгэнэлт явдлыг эрс шүүмжилж байгаагаа урьд нь Их Британи, Франц, Герман улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд мэдэгдсэн юм. Сири улс дахь НҮБ-ын ажиглагчдын тэргүүн, генерал Роберт Муд Хула хотод болсон явдлыг “харгис явдал” гэж нэрлэсэн ба харин ажиглагчид чухам хэнийг буруутан гэж үзэж байгаагаа мэдээлсэнгүй. Эмгэнэлт явдал болсон газар очиж үзсэн ажиглагчид танкны сум олж үзсэн байна гэж Мудын мэдээлснийг Ассошиэтед Пресс агентлаг уламжиллаа. Аннан ойрын үед Дамаскт очиж бүтэн жил үргэлжилж байгаа сөргөлдөөнийг зохицуулах асуудлыг сөрөг хүчинтэй хэлэлцэх болно. Сирийн засгийн газрын арми болон цагдаагийн хүчирхийлэлээс энгийн номхон иргэдийг НҮБ хамгаалах арга хэмжээ аваагүй байгаа цагт Аннаны төлөвлөгөөг даган мөрдөхгүй гэж Сирийн чөлөөлт арми \СЧА\ гэгчийн дайнчид мэдэгдснийг бямба гаригт Франс Пресс агентлаг уламжилсан байна. Сирийн дотоодын сөрөг хүчний зэвсэгт жигүүр гэж тооцогддог Сирийн чөлөөт арми гэгч нь цэргийн албанаас зугтагсад, оргодолуудаас бүрдсэн юм. СЧА-ийг өнгөрсөн жилийн намар байгуулсан ба Сири улсын АЦХ-ний хурандаа асан Рияд Асад толгойлож байгаа юм.