Дэлхийн томоохон музейн нэг Москва дахь Третьяковын зургийн музей шатрын хүрээний гол үйл явдлын талбар боллоо. Энд болж байгаа дэлхийн шатрын аврага цолын төлөө тэмцээн эртний тоглоомын мэргэжилтэн, нэрд гарсан зүтгэлтнүүд болон ерийн сонирхогчдын  анхаарлыг татав. Тэмцээн дууссаны дараа шатар улам их сонирхол татаж дэлгэрнэ гэж  энэ удаагийн тэмцээнийг санаачлан ивээж буй Андрей Филатов үзэж байна. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгч, шатрын талаархи төлөвлөгөөгөө тодорхойлов.

Орос-францын худалдааны танхимаас аугаа их шатарч Александр Алёхины дурсгалд зориулсан жил дутмын тэмцээнийг зохион явуулна. Ялагдаагүй дэлхийн шатрын цорын ганц аврагад зориулсан шинэ тэмцээн хоёр үе шаттай. Нэгэн тэмцээн Парисын Луврад, нөгөө нь оросын нэрд гарсан нэгэн музейд явагдана гэж оросын үйлдвэрлэл эрхлэгч Андрей Филатов хэлээд

«Лувр тэмцээнийг хүлээж авахаа батласан гэж Орос-францын худалдааны танхим албан ёсоор мэдээллээ. Одоо танхим оросын музейнуудтэй хэлэлцээ хийж байна. Луврын нэгэн адил шатрын тэмцээнийг хүлээж авах оросын музей хэлэлцээний үр дүнгээр тодроно» гэв.

Хотын ба районы хүүхдийн шатрын тэмцээн орон нутгийн музейнуудэд явагдвал шатар дэлхий даяар улам өргөн дэлгэрнэ. Урлаг, шатрын харилцан ажиллагаа эргэн тойрны бүх зүйлийг өөрчилж мэднэ гэж Андрей Филатов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хүүхэд шатарт хамрагдвал тодорхой дүрмээр л хожиж болохыг ойлгоно. Бид хуулийг даган мөрдөх нийгэм бүтээн байгуулахыг хүсч байвал энэ нь маш чухал юм. Хүн тодорхой дүрмийг даган мөрдөж түрүүлж байвал хууль ёсоор аж төрөх юм. Энэ агуулгаар шатар маш их ашиг тустай болж мэднэ» гэв.

Эхлээд энэ удаагийн  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид  уламжлалыг даган үргэлжлүүлэн түүнийг Пушкиний нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музейд явуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч дэлхийн үзэгч олонд сонирхуулах ийм тэмцээг хүлээж авах оросын музейнуудийн тоог олшруулахаар шийдвэрлэж, оросын урлагийн нандин сан -Третьяковын улсын зургийн музейг сонгож авсан байна. Одоо ийм санаачилгыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх болсон юм.