Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Монгол улсын анхны орос хэвлэл “Новости Монголии” сонин 70 жилийнхээ түүхэн  ойг  энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Монгол улсын үе үеийн сэхээтэнүүдийн болон Монгол дахь орос, зөвлөлтийн иргэдийн нүд, чих  болсон “Новости Монголии” сонин 1942 оны 5-р сарын 2-нд буюу зөвлөлтийн ард түмний гитлерын фашизмтэй тэмцэж байсан Эх орны дайны  хүнд хэцүү үед сонины анхны дугаар орос хэл дээр хэвлэгдэн гарч байжээ. Алтан гадас одонтой   “Новости Монголии” сонинд монголын шилдэг сэтгүүлч, орчуулагч нар зөвлөлтийн  сэтгүүлчдийн хамт мөр зэрэгцэн ажиллаж байжээ. “Новости Монголии” сонины 70 жилийн түүхэн ойг тус агентлагийн уран бүтээлч хамт олон Буриадын Улаан-Үд хотод орос, буриадын уран бүтээлчдийн хамт тэмдэглэх гэж байна.  Ойн хөтөлбөрт Улаан-Үд хотын  даргатай болон  Буриадын сэтгүүлчидтэй уулзалт, Улаан-Үд хотын иргэдтэй уншигчдын уулзалт зохиож, “Монгол улс болон монгол бичиг”, “Монгол-оросын харилцаа” гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг дэлгэн харуулах аж.