НАТО-гийн 25 дахь дээд хэмжээний уулзалт Чикагод болж дуусав. Уулзалтын 2 дахь өдрийг Афганистан болон эвслийн ажиллагаанд тус дөхөм үзүүлж буй орнуудтай түншлэх асуудалд зориулсан байна.

Умард Атлантын эвсэл Чикагод хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дунд сэтгэл ханамжтай байна. Уулзалтаа бараг түүхийн хэмээн нэрлэжээ. Европт ПДХ системийг байгуулах үйл ажиллагааны анхны үе дууссан гэж уулзалтад оролцогчид мэдэгдлээ. Үнэн чанартаа НАТО-гийн орнуудын ПДХ хэрэгслийн нийтийн системийг Aegis системээр тоноглосон америкийн хөлөг онгоцуудтай нэгтгэж байна. ПДХ систем л Москва НАТО-гийн хоорондын харилцааны гол асуудал болсныг дурдая.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид ПДХ системээ Орос улсын эсрэг онилон чиглэхгүй тухай нийтийн мэдэгдэл гаргаагүй боловч Барак Обама эл сэдвийг төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр хөндэв. Тэрээр хэлэхдээ: «Бид ПДХ системийн асуудлаар урагш ахиж байна.Төслийн хүрээнд систем нь бэлэн болсныг НАТО мэдэгдэв. АНУ ПДХ европын системийг шат шатаар өргөжүүлж боловсронгүй болгохыг хариуцаж байна. ПДХ системийг бидэнтэй хамтран байгуулж байгаа холбоотнууддаа талархал илэрхийлье. Турк улсад манай радар НАТО-гийн хяналтын дор байхыг онцлон тэмдэглэмээр байна. Испани, Румын, Польш гурав ПДХ системийн америкийн эд ангийг нутаг дэвсгэртээ  байрлуулах зөвшөөрөл өгсөн. Нидераланд радаруудаа шинэчлэж байна. Бусад улс бас оролцоно гэдэгт найдаж байна. Тус системийг Орос улсын эсрэг онилон чиглүүлэхгүй, түүний стратегийн чадавхийг бусниулахгүй учир ПДХ систем Орос улстай хамтран ажиллах хүрээ болж мэднэ гэж урьдын адил үзэж байна» гэв.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Афганистанд ПДХ системээс илүү их анхаарал тавьжээ. Тус улсын ерөнхийлөгч Хамид Карзай Чикагод хүрэлцэн очиж, Обаматой ч Хиллари Клинтонтэй ч хэлэлцээ хийжээ. Түүнчлэн Пакистаны еренхийлегч Асиф Али Зардари очсон байна. НАТО-гийн хүчин хилийн боомтод цохилт өгсний уршгаар пакистаны 20 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдснээс хойш Пакистан эвслийн цэргийн ачаа нутаг дэвсгэрий нь дамжин нэвтрэхийг болиуулав. Харин одоо хэлэлцээ зогсонги байдлаас гарсан шиг байна. Гэвч эвслийн ачаа Пакистаны нутаг дэвсгэрийг ахин дамжин нэвтрэх тухай одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.