2014 оноос хойш Афганистанд өөрийн цэргийн оролцоогоо хадгалахыг санаархаж байгаа АНУ-ын төлөвлөгөөг ОУ сонирхож байна. Москвад болсон Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны Азийн 2-р департаментийн афганы хэсгийн дарга Альберт Хорев ингэж мэдэгдлээ. АНУ 2014 он гэхэд цэргийнхээ ихэнх хэсгийг гаргана гэж зарласан мөртлөө “ямарч ойлгомжгүй мандат, ажиллагааны зорилго, хугацаагүйгээр” өөрийн цэргийн дэд бүтцийг бэхжүүлсээр байгаад Москва болгоомжилж байна гэж тэр ярьсан байна. Мансууруулах бодистой хийх тэмцэлд олон улсын хамтын нийгэмлэгээс үзүүлж байгаа тусламж, афганы төр засгийн авч байгаа арга хэмжээ хүсүүштэй үр дүнд хүрэхгүй байна гэж Хорев тэмдэглэлээ. Хар тамхины намуу цэцгийн талбай Афганистанд 2011 онд 2010 онтой харьцуулавал 7%-иар, мансууруулах бодисны үйлдвэрлэл 60%-иар нэмэгдсэн байна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлсэн байна. Афганистаны аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллаж байгаа олон улсын хүчнийг энэ улсаас гаргах асуудал одоохондоо тулгамдсан асуудал болоод байна гэж тэр хэлсэн байна.Тус улсын аюулгүй байдлыг өөрсдийн хүчээр хамгаалж чадах үр ашигтай зэвсэгт хүчнийг Афганистанд 2014он гэхэд бий болгоно гэдэгт Москва эргэлзэж байна гэж Хорев мэдэгдлээ.