Засгийн газрын хууль эрх зүйн бодлого нь дотоод болон гадаад асуудлаар хамгийн нээлттэй байх ёстой, харин улсын тусгаар тогтнолын номлол нь юунд ч идэгдэх ёсгүй гэж оросын ерөнхий сайд Д.Медведев Санкт-Петербургт болсон Олон улсын хууль эрх зүйн форум дээр мэдэгдсэн байна. Шинэ нөхцөл байдалд тулгарч байгаа сорилт болон түүнийг хэрхэн сөрөн зогсох талаар форумд оролцогчид хэлэлцсэн байна.

Олон улсын хууль эрх зүйн талаар ярихдаа оросын ерөнхий сайд барууныхны гадаад бодлого нь “үндэсний тусгаар тогтнолыг ганхуулахад” чиглэгдсэн байдаг нь маш их аюулыг дагуулж дэлхийн дэг журамд муугаар нөлөөлж байна гэж тэмдэглэлээ. Жишээ нь НҮБ-ын дүрмийг үл тоон Ливи, Ирак улсуудад халдан довтолсон нь тусгаар улсууд эзлэн түрэмгийллийн бай болж байгааг харуулсан юм. Энэ хөндлөнгөөс оролцох явдал эхнээсээ хүмүүнлэг юм шиг харагдаж байлаа.

Эдгээр нь төр засгийг хууль бусаар өөрчлөхөд хүргэсэн бөгөөд зарим тохиолдолд нилээн хүнд хор уршигтай байж болох байлаа гэж Д.Медведев тэмдэглээд: «Улс төрийн ямар нэгэн зорилтыг хэрэгжүүлэхэд тааламжтай байсан ч улсын тусгаар тогтнолын номлол нь яагаад ч ганхах ёсгүй. Үүний жишээ сүүлийн жилүүдэд олон байлаа. Аль нэгэн дэглэм хууль ёсны байдлаа алдлаа гэж мэдэгдэх нь ямар үнэ цэнэтэй вэ? Тэгэхдээ зохих улсын ард түмний талаас бус гадаад улсуудын талаас хийж байгаа мэдэгдэл шүү дээ. Хэт яарсан цэргийн ажилагаанаас болж тэдгээр улсуудын төрийн эрхэнд хэт үзэлтэнгүүд гарч ирж байна. Аливаа улсын тусгаар тогтнолыг бусниулсан явдал цөмийн зэвсэг хэрэглэсэн бүс нутгийн бүрэн хэмжээний дайнаар төгсөж болно гэдгийг би яриагүй байна» гэж тэр хэллээ.

Миний дурдаад байгаа үйл явдлууд олон улсын хууль эрх зүйг төгөлдөржүүлэхийг шаардаж байна гэж Д.Медведев тэмдэглэлээ. Тэгэхдээ түүний суурь нь тогтворгүй байх ёсгүй. НҮБ-ын дүрмийн зарчмуудыг үл тоон нэг талын үйл ажиллагаа явуулж байгаа нь тун аюултай гэж оросын ерөнхий сайд хэллээ. Яг энэ баримт бичиг л улсын тусгаар тогтнол, хууль эрх зүйг дээдлэн хүндлэхийг уриалан дуудаж байгаа. Энэ байгууллага л даяарчлалыг хамарсан асуудлыг шийдэх гол талбар хэвээрээ байна. Энэ нь хэн нэгэнд таалагдахгүй байлаа ч гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгт үүнээс өөр байгууллага байхгүй гэж Д.Медведев тодотголоо.

АНУ-д болох “том наймын” дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахынхаа өмнө оросын ерөнхий сайд энэ үгийг тохиолдлоор хэлээгүй гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов тэмдэглээд: «НАТО-гийн орнууд тэр дундаа АНУ-ын хэрэгжүүлж байгаа хөндлөнгөөс оролцох явдлыг хэзээч дэмжихгүй болон тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэх зарчим зэргээс бүрддэг оросын дипломатын уламжлалт байр суурийг Д.Медведев баталлаа. Энд шинэ зүйл огт байхгүй. Энэ байр суурийн зарчимч, залгамж чанар нь оросын дипломатын давуу талыг харуулж байгаа юм. Энэ нь ихэнх түншүүдийн итгэлийг хүлээдэг юм. Оросын ерөнхий сайд энэ тохиолдолд энэ асуудал дээр байр суурь нэг гэдгийг онцоллоо» гэж хэллээ.

Орчин үеийн дэлхийн хууль эрх зүйн хөгжлийн асуудалд зориулагдсан Петербургийн олон улсын форум нь 2011 онд бий болсон юм. Энэ удаагийн форумд 50 гаруй орны төлөөлөгчид оролцлоо. Энэ жилийн форумын болсон газар нь ер бусын байлаа. Өвлийн ордоны өмнөх Ордоны талбай дээр барьсан том асарт болсон юм. Иймэрхүү үйл явдал Ордоны талбай дээр урьд өмнө нь хэзээч болж байгаагүй гэж Д.Медведев онцлон тэмдэглэлээ. “Тэгэхлээр Петербургт хуульчдыг хүндэлдэг бололтой гэж” ерөнхий сайд шоглон хэллээ.