Хятадын авто худалдагчид улс даяар агуулахуудад бараа хэт хуримтлагдсан явдалтай тэмцэж байгаа боловч, үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь автомашины үнийг цаашид хямдруулж, улмаар авто үйлдвэрлэгчдийн ашгийг багасгаж мэднэ гэж БНХАУ-ын авто худалдагчдын холбооны авто зах зээлийн салбарын дэд ерөнхийлөгч Су Хуэй энэ тухай Bloomberg агентлагад мэдээлжээ. Түүний хэлснээр бол хятадын автомашины аж үйлдвэрийн агуулахуудад автомашин хадгалах хугацаа 4-р сарын сүүлээр 45 хоногт хүрчээ. Мөн үзүүлэлт худалдааг эрчимжүүлэх зорилгоор цаашид үнэ хямдруулах уршигтай болж мэдэхийг Су Хуэй тэмдэглэв. Сүүлийн саруудад БНХАУ-д нийлүүлэх машин нэлээд их хэмжээгээр өсөн нэмэгдсэн тухай дэлхийн тэргүүлэх олон авто концерноос мэдээлжээ. Гэвч эдгээр машины нэг хэсэг нь агуулахад үлдсэн байна. Энэ нь Хятадад тээврийн хөсгийн эрэлт хэрэгцээ буурч байгааг харуулав. Авто үйлдвэрлэгчид худалдааг нэмэгдүүлэхэд бүх хүчин чармайлтаа дайчилж эхэллээ. Хятадын хэрэглэгчдэд онцгой загварын машиныг санал болгож, үнийн хөнгөлөлт олгож байна.