Өнөөдөр «Орост тавтай сайхан морилоно уу» булангаар бид та бүхнийг Новосибирск хотод аялахыг урьж байна.Новосибирск бол Орост хүн амынхаа тоогоор гуравт ордог хот юм. 1893 онд үндэслэн байгуулсан хот Сибирийг нэвт дамжсан төмөр зам тавигдасны ачаар түргэн тэлж өргөжиж удалгүй Сибирийн төв болжээ.Төмөр замын буудал нь Сибирийг нэвт дамжсан төмөр замд хамгийн томд орсон хийгээд   Новосибирскийн бэлэгдэл болжээ. Төмөр замын буудлын байшин дорнод руу хурдлаж буй бүх тэргийг санагдуулж байгаа нь тэмдэглүүштэй.

Александр Невскийн дуган бол хотын анхны чулуун байшингийн нэг юм. Түүнийг византийн сүмийн уран барилгын арга барилаар барьж босгосон хийгээд нарийн сийлбэр хээ угалзаар нүүрэн талы нь чимэглэжээ. Өндөрлөг дээр сүндэрлэн боссон  хар улаан тоосгон дуган орчин цагийн шилэн, бетон барилга байшингуудын дэвсгэрт онцгой тод харагдана.

Новосибирскийн улсын эрдмийн дуурь бүжгийн театрын байшин бол  хотын гол талбайн дурсгал мөн. ХХ зууны дундуур барьсан байшин Оросын театрын хамгийн том байшин хэвээр байгаа хийгээд хэмжээгээрээ дэлхийд хоёрт орж байна. Том байшингийг «Сибирийн Колизей» гэжээ. 1937 онд театрын байшингийн загварыг Парист Дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд үзүүлсэн бөгөөд Гран-при дээд шагнал хүртсэн байна. Саяхан Новосибирскод очоод ирсэн манай сурвалжлагч Александр Мамичев хэлэхдээ

«Театрээс хэдхэн минут яваад Николай гэгээний суварган сүмд хүрнэ.Түүнийг оросын газар зүйн билгэ тэмдэг болох газарт барьжээ. Обь мөрний эрэг дээр оршдог томоохон цэцэрлэгт хүрээлэн нэг ёсны «хотын уушиг» болсон юм. Энэ нь явган явж зугаалахад тааламжтай газар билээ. Тэр тусмаа энд Новосибирскийн амьтны хүрээлэн байна. Тийшээ очиж сонирхон үзвэл зохино» гэв.

1933 онд үндэслэн байгуулсан Новосибирскийн амьтны хүрээлэн оросын томоохны нэг юм. Эдүгээ энд 700 гаруй төрлийн 11 мянган амьтан байна. 120 гаруй нь Олон улсын Улаан номд багтсан юм. Жишээлбэл кавказын ирвэс дэлхийн өөр нэг ч амьтны хүрээлэнд алга. 2004 онд чухам  Новосибирскэд хосгүй үйл явдал болж, бар, арсланг хоёр зулзагатай болжээ. Сибирьт зөвхөн Алтайд хадгалагдсан онцгой гоё амьтан-ирвэс бол Новосибирскийн амьтны хүрээлэнгийн билгэ тэмдэг юм.

Амьтны хүрээлэнд амьтад хараж төдийгүй сонирхолтой  зугаа тоглоомд оролцож,  морь унаж зугаална. Бяцхан үзэгчид  хүүхдийн амьтны хурээлэнд очиж, молтогчин туулай, ямаа сонирхон үзнэ. Хүүхдүүд тэдгээрийг илэж, гар дээрээсээ хоол өгнө.

Нэрд гарсан Новосибирскийн ШУ-ны хотхон дахь ургамлын хүрээлэн зугаалах сайхан газар юм. Одоогоос 50 жилийн тэртээ насаараа эрдэм шинжилгээний ажил хийсэн урам зоригтонууд түүнийг санаачилж барьсан юм. Тэр үед эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн  барилга байшин  Новосибирскоос 30 км зайтай  сибирийн тайга дунд сүндэрлэн босчээ. Орон сууцны байшингууд тэдгээрийг  хүрээлэв. Мөн зохих дэд бүтцийг байгуулсан байна. Эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэн, төв ШУ-ны хотхоны дэвсгэр нутагт байрлажээ.

Байгаль орчныг дээд зэргээр хэвээр хадгалах нь ШУ-ны хотхоныг барих үед чухал зорилт болсон. Үүний ачаар ой  хөвч хотхоны дэвсгэр нутгийн үлэмж хэсгийг эзлэж байна. Энэ нь зөвлөлт засгийн жилүүдэд оршин суухад тааламжтай нэр хүндтэй газрын нэг боллоо. Энд эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумыг зарлан хуралдуулж байна. ШУ-ны бүх салбарын төлөөлөгчид туршлага солилцохоор ирдэг.

Одоо ургамлын хүрээлэнгээр ахин ороё.Энэ нь эрдэм шинжилгээний байгууллага төдийгүй амралтын томоохон төв юм. 1000 га бүхий талбайд нь 10 мянга гаруй төрлийн ургамал ургаж байна. Ургамлын хүрээлэнг хэдэн бүсээр хуваажээ. Дулаан орны бүст нь очно уу. Тусгай шилэн хүлэмжэд нь ургасан дулаан орны янз янзын ургамлыг «диваажингийн цэцэрлэг» гэж болно.

Новосибирскийн Ургамлын хүрээлэнгийн 800 мянга орчим хуудас бүхий ургамлын түүвэр оросын томоохны нэг билээ.Энэ нь сонирхсон хүмүүст нэг ёсны олдвор болсон.

Ургамлын хүрээлэнгийн ажилтнууд «Чулуурхаг цэцэрлэг», «Үргэлж цэцэглэх цэцэрлэг», «Цэцгийн вальс», «Бансай цэцэрлэгт хүрээлэн» зэрэг чимэглэлийн хосгүй цогцолборыг бүтээжээ.

Бонсай цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга сүрлээр хийсэн япон маягийн дээвэртэй. Хаалганы цаана үзэмж сайтай дэвсгэр сэтгэл догдлуулна. Төв талбайгаас хэдэн нарийн зам Бонсай цэцэрлэгт хүрээлэнгийн бүх өнцөг буланд очихийг урьж байна. Өнцөг буланг бүрт нь ер бусын сонин зүйл олон. Жишээ нь сүлжмэл том хорхойнууд өндөр модон дээр «уралдаж» байна.Бонсайн дэвсгэр нутаг өргөн уужим биш боловч удаан зугаалж болно. Нарийн замаар нь удаа дараа явбал  урьд үзээгүй сонин юм тааралдана.

Түүнээс гадна ер бусын Нарны музей ШУ-ны хотхонд байгаа. Энэ нь амьдралын бэлэгдэлд зориулсан дэлхийн ба оросын ганц музей билээ. Нарны дүрс бичлэг, зураг болон эртний соёл иргэншлийн нарны бурхны  барималууд музейн үндэс болсон. Орос,Энэтхэг, Хятад,Балба болон бусад орны нарны уламжлалт уран сайхны билгэ тэмдэг, түүний дотор эртний ард түмнүүдийн Нар, Нарны системийн хадны зургууд үзмэрүүдий нь дотор байна. Эдгээр нь танин мэдэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

Новосибирск хотоор зугаалвал ер бусын хэдэн дурсгал хөшөө үзэж болно. Жишээ нь хотын өмнөд хэсэгт хиамд зориулсан хөшөө бий. Замын гэрэл дохионы хөшөө хотын төвд эргийн гудамжнаас холгүй оршино. Энэ нь замын гэрэл дохиог халамжилж буй харуулын цагдаагийн баримал билээ. 1940 онд сибирийн анхны замын гэрлийн дохиог чухам энд байрлуулсан аж. Тэр үед цагдаа түүнийг гараараа эргүүлж байв.

Хотоор зугаалах үеэрээ зол жаргалын музейг олж үзээрэй. Энэ нь эхнэр, нөхөр хоёрын ер бусын урлагийн төсөл билээ. Түүнийг эд материаллаг соёл, үйл явдал, түүхийн хувь хүмүүст биш хүний амьдралын хамгийн хүслүүштэй зүйл-зол жаргалд зориулжээ. Сахиус, шүтээн, аз жаргалын билгэ тэмдэг болон дэлхийн янз бүрийн ард түмний зол жаргалтай холбон үздэг янз бүрийн зүйл музейн үзмэрүүд болсон байна.

Аугаа их зүтгэлтнүүдийн хэлсэн үг,  шүлэг, дуу, хошин инээдтэй үг, үлгэр домог, муу  ёр болон маш олон хэлээр бичсэн зол жаргал гэдэг үг зэргийг музейд цуглуулсан байна. Музейн үзмэрүүдийн гол хэсэг нь чемоданд багтана. Иймээс үзмэрүүд нь музейг  үндэслэн байгуулагчидтай хамт дэлхий даяар аялаж, сонирхол татсаар байна. Тэр тусмаа хүссэн хүн бүр музейн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Гэвч дэлхийн цорын ганц сибирийн үйсээр хийсэн эдлэлийн музей  хотын хамгийн сонирхолтой музей гэж болно. Оросын бүх нутгийн дархчуулын үйсээр хийсэн зураг, бурхны хөрөг, сав суулга, гоёл чимэг,бэлэг дурсгалын зүйл, тоглоом зэрэг янз бүрийн бүтээлийг музейд дэлгэн тавьжээ. Музейд хосгүй эдлэлүүдийг үзэж төдийгүй Оросын үйсэн гар урлалын түүхтэй танилцаж, таалагдсан эдлэлийг худалдан авч болно.

Новосибирск хот  очсон хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин үлддэг. Сибирийн их мөрний эрэг дээр налайж  орших  орчин цагийн тухтай том хотоор хэдхэн өдөр боловч аялахад тун таатай байна.