Оросын эрдэмтэд хэт хөнгөн аппаратаар Байгал нуурыг шинжлэн судлана. Эдгээр аппаратыг 2013 оны зун Швейцариэс авчирнэ. Өнгөрсөн онд оросын «Мир-1», «Мир-2» гун усны аппаратууд Женевийн нуурыг судласан билээ. Одоо швейцарын техникээр оросын Байгал нуурыг судлах гэж байна.

Швейцарын мэргэжилтнүүд хэт хөнгөн нисдэг аппаратаар Женевийн нуурыг судлажээ. Энэ онд Байгал нуурын нөхцөлд ажиллах боловсронгуй тоног төхөөрөмжийг эдгээр аппаратад байрлуулна. Ирэх оны зун гэхэд нисдэг аппаратуудыг Буриадын нийслэл Улаан Үдэд хүргэх юм. Мэргэжилтнүүд  швейцарын техникт их найдвар тавьж байна гэж Байгал нуурын байгаль ашиглалтын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан техникийн ухааны дэд эрдэмтэн Баир Цыдыков «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Хэт хөнгөн аппаратыг хээрийн ба эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны хоорондын завсар тулгуур, хавсрага зорилтыг биелүүлэхэд ашиглана. Мөн дэлхийг алсаас тандах ажиллагааны үр дүнг харгалзах юм. Хэт хөнгөн аппаратаас хүрээлэн буй орчны тухай шуурхай мэдээлэл авч болох хийгээд экологийн мониторингод өргөн хүрээтэй зураг авч, магадлан шинэжлэх багажийг хэрэглэх боломж бий болно» гэв.

«Байгал дахь "Мир" аппаратууд» экспедици хэдэн улирал дэлхийн хамгийн том нуурыг судласан боловч  цөөнгүй шинэ зорилт эрдэмтдэд тулгарсан гэж Баир Цыдыков тэмдэглэн хэлээд

«Мир» аппаратаар усан дор судалгаа хийсэн бол одоо агаар мандлын байдал болон усны дээд давхрагад түүний үзүүлэх нөлөөг судлана. Түүнчлэн эрэг хавийн ой, гадрага ба эргийн зурвасын өөрчлөлтийг ажиглана. Учир нь Эрхүүгийн ба Ангарскын УЦС-ууд Байгал нуурын усны түвшинд нөлөөлдэг. Эрхүүгийн эрчим хүчний салбарын ажилтнууд Байгал нуурын түвшинг 456-457 метрээр зохицуулвал эргэн тойрны нурууны байдлаас болж Буриадын хуурай талбайн нэг хэсэг нь усанд авахуулдаг» гэв.

Сибирийн эрдэм шинжилгээний хэдэн хүрээлэн төсөлд нэгдэв. Эдүгээ газар зүйч, нуур судлаач, экологчид швейцарын нисдэг аппарат ба түүний тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй хэрэглэхийн тулд судалгааны хамтын хөтөлбөрийг боловсруулж байна. Гол зорилт нуурын ба эргэн тойрны нутгийн  өргөн хүрээтэй зураг авахад оршино. Мэдээжээр одоо сансраас авсан гэрэл зургуудыг ашиглаж байна. Гэвч тэдгээр нь мэдээлэл багатай гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газар зүйн хүрээлэнгийн захирал Виктор Плюснин тэмдэглэн хэлээд

«Орчин цагийн сансрын систем дэлхийн гадраг дахь 15-30 метрээс багагүй  хэмжээний объектын зураг тод авч мэднэ. Харин хэт хөнгөн аппаратаар авсан зурагт хэдхэн арван сантиметр бүхий объект тод харагдана. Эд бүхнийг аппарат бүртгэнэ. Эдгээр нь радарын буюу олон бүсийн зураг авах систем байж болно» гэв.

Эрдэмтний хэлснээр бол одоогоос 30 гаруй жилийн тэртээ Байгал Амарын төмөр зам тавихтай холбогдуулан Байгал нуурын зураг агаараас авсан билээ. Манай орны АН-2 нисэх онгоц, Ми-8 нисдэг тэрэгнээс олон зуун гэрэл зураг авсан. Энэ завсар Байгалд ямар өөрчлөлт гарсныг ойлгож хэтийн төлөвийг тодорхойлохын тулд тэртээх судалгааны үр дүнг өнөөгийнхтэй харьцуулах нь сонин гэж Газар зүйн хүрээлэнгийн захирал Виктор Плюснин  хэллээ.