Дэлхийн биологийн нөөц 40 жилийн дотор бараг гуравны нэгээр багассан байна. Дэлхийн онгон байгалийн сангаас хоёр жилд нэг удаа зохиодог «Амьд гариг» шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ.

Бидний гариг дэлхийд үлдээж буй экологийн ул мөр  хүн амын өсөлт ба хэт хэрэглээгээр тодорхойлогдож байна. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9-10 тэрбум хүн хүртэл өсөн нэмэгдэнэ гэж таамагласан байна. Байгалийн нөөцийн хэрэглээний тухайд гэвэл илтгэлээс харахад 1966 оноос хэрэглээ хоёр дахин нэмэгджээ. Эдүгээ бид үйл ажиллагаагаа дэмжихээр бүтэн хагас гаригийн нөөцийг хэрэглэж байна гэж Оросын WWF байгууллагын захирал академич Игорь  Честин тэмдэглэн хэлээд

«Бид мөн үйл ажиллагааны уршгийг нөхөх гаригийн чадвараас давсан. Анхны илтгэл гарсан 1998 онд амьд гаригийн индекс 30 хувиар багассан билээ. Энэ нь бидний хэрэглэж буй байгалийн нөөцийг нөхөн үйлдвэрлэх, бидний бий болгосон бохирдолыг шинэгээх чадвараас 30 хувиар давсан гэсэн үг. Дэлхийн байдал зөв зохистой  хөгжихгүй байна» гэв.

АНУ дэлхийн экологийн системийн гол хэрэглэгч ба гол бохирдуулагч болсон. «Хэрэв дэлхий байгалийн нөөцийг америкийнхтэй адил хэмжээгээр хэрэглэвэл экологийн тэнцвэрийг хангахад дэлхийтэй тэнцэх таван гариг шаардагдана» гэж илтгэлд тэмдэглэжээ. Хүн ам тутамд ногдох байгалитйн нөөцийн ашиглалтын хувь хэмжээний тухайд гэвэл Катар мөн үзүүлэлтээр 1-р байр эзлэж, Кувейт хоёрт, Арабын Нэгдсэн Эмирт Улс гуравт, Дани дөрөвт орж байна. Дараа нь АНУ орж, Орос тус цэст 33-р байр эзлэж байна. Түүнээс гадна бид Европын хувьд нэг ёсны экологийн хандивлагч болсон гэж академич Честин тэмдэглээд

«Европын орнуудын байгалийн нөөцийн хэрэглээ ба хаягдлын үйлдвэрлэлийг нөхөх чадвар эдгээр улсын хүн ам дутамд ногдох 2,24 га бүхий талбай  болсон байхад манайд 6,62 га боллоо. Энэ нь манай орны хүлэмжийн хийг шинэгээх, биологийн нөөцийг нөхөн үйлдвэрлэх чадвар  оршин суугч дутмаас нь  гариг дэлхийд зохисгүй нөлөөлөх уршгаас  1,5 дахин илүү байна гэсэн үг» гэв.

Дэлхийн онгон байгалийн сангаас томьёолсон «нэг гаригийн зарчим» гэгч дэлхийн нөөц боломжоос хэтрэлгүй байгалийн капиталыг ашиглахыг санал болгов. Энэ зорилгод хүрэхийн тулд дэлхий үйлдвэрлэл, хэрэглээний бүтцийг өөрчилж, нөөц,эрчим хүч их шаардах түүхий эдийг ашиглахаас татгалзаж, хүлэмжийн хийн хаягдлыг багасгаж, экологийн системийн бүхэл бүтэн байдлыг сахих хэрэгтэй. Үнэн чанартаа Дэлхийн онгон байгалийн сангийн илтгэл  амьд байгалийг эдийн засгийн бодлого, бизнес эрхлэх загварын төвд байлгахыг санаачилсан гэж Москвагийн УИС-ийн эдийн засаг, байгалийн ашиглалтын тэнхимийн профессор Сергей Бобылев хэлээд

«Энэ нь шинэ эдийн засаг юу вэ гэсэн асуудалд хариулах  оролдлого билээ. Эдүгээ «ногоон эдийн засаг» гэдэг шинэ гоё үг бий болсон. НҮБ-ын бүх илтгэл, төслийг түүнд зориулж байна. Эдийн засгийг өөрчлөхийн хамт шим мандалын боломжод нийцэх арга замыг олохыг хүн төрөлхтөн оролдож байна» гэв.

Дэвшлийн тухай ойлголт одоо өөрчлөгдэж байна. Экологи дэвшлийн нэгэн хэмжүүр болсон. Дэлхийн онгон байгалийн сангаас дэлхийн бүх улс орны засгийн газруудад хандан  экологийн тогтвортой хөгжлийн чиг бодлогыг хамтран тодорхойлохыг уриаллаа. «Бид нөөцийг арвилан хэмнэж, хэрэглээгээ оновчтой ухаалаг болгож дэлхийд үзүүлэх зохисгүй нөлөөгөө багасгаж мэднэ» гэж тус сангийнхан үзэж байна. Ийм замаар манай гаригийг амьд хэвээр байлгаж болно.