Юрий Гагарин анх сансарт ниссэннээс хойш даруй 51 жил  өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар сансарт дэлхийн 38 орны 500 гаруй хүн  зочилжээ. Хэрвээ урд цагт бид   сансрын бүх баатруудын нэрийг  мэддэг байсан бол,  өнөөдөр  одоогийн олон улсын сансрын станцын багийнхны бүрэлдэхүүнийг бараг санахгүй  байна.

Харин Монголд  гурван сансрын нисгэгчийг сайн  мэддэг юм. Мэдээж хэрэг энэ бол  Монголын ганц сансрын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаа, сансарт гурван удаа ниссэн Виктор Горбатко. Тэр оросын “Монголын анд нөхдийн холбоо” олон нийтийн байгууллагыг 40 гаруй  жил тэргүүлж байна. 

Гурав дахь сансрын нисгэгч бол   Владимир Жанибеков юм. Тэрээр 1981 оны 3-р сард олон улсын Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд  Ж.Гүррагчаагийн хамт  сансарт ниссэн юм. Владимир Жанибеков нийт таван удаа дэлхий орчмын  сансрын тойрог замд нислэг хийсэн юм. Үүний дараа  сансрын нисгэгчдийн отрядын даргаар болон  сансрын эрдэм шинжилгээний судалгаан дээр ажиллаж байв.

Өнөөдөр Владимир Жанибеков далан насныхаа ойг тэмдэглэж байна.

Тэр 1942 оны 5-р сарын 13-нд Узбекистан улсын  Ташкентын мужийн Искандер тосгонд төржээ.  Суворовын цэргийн сургууль төгсч, нисэхийн дээд сургуульд элсэн оржээ.  Сансрын нисгэгчдийн отрядад 1970 онд элсжээ.   Владимир Жанибеков  сансарт анх 1978 онд ниссэн юм.   

1981 оны 3-р сард  Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд монголын сансрын нисгэгч-судлаач Ж.Гүррагчаагийн хамт Жанибеков хоёр дахь удаагаа сансарт ниссэн юм. Өөрийн эрхэм  нөхөр, оддын ахынхаа  тухай Ж.Гүррагчаа хэлэхдээ:

«Анх би Жанибековын тухай 1978 онд  түүний анхны нислэгийн дараа мэдэх болсон. Тэгсэн тэр жилийн 3-р сард Интеркосмос хөтөлбөрийн манай хамтарсан бэлтгэл эхэлсэн юм.  Мэдээж хэрэг, тэр үед бид хэн хэнтэй нисэхийг мэдэхгүй байсан. Гурван жилийн  дотор бид дотно болсон.  Жанибеков  бидний  дотор хамгийн  их туршлагатай,   мэдлэгтэй нь байсан. Түүнтэй хамт  нисэхийг хүн бүр мөрөөдөж байсан.  Тиймээс манай багийг бүрдүүлж, зарлахад би туйлын их баяртай байсан» гэлээ.

Дараа нь 1982, 1984 онд хоёр удаагийн    сансрын нислэгээр  Жанибеков    задгай сансарт гарч, нийт  3 цаг 34 минутын  үүрэг даалгавар гүйцэтгэсэн.  Сүүлийн  удаа 1985 онд  тэр  сансрын тойргийн станц руу  сансарт ниссэн.  Тэр удаа хэрэв станцын байдлын тухай болон ямар их ажил хүлээж байгааг     газар дээр мэдэж байсан бол нислэгийг хэн ч зөвшөөрөхгүй байх байсан . Гэтэл станцтай холбоо тасарсан бөгөөд түүнийг  өндрөө алдаж байгааг л  газар мэдэж байжээ.  Энэ нислэг одоо болтол сансрын нислэгийн түүхэнд ижилгүй   юм гэж Ж.Гүррагчаа үзэж байна.

«Энэ бол хамгийн хариуцлагатай, аюултай нислэг байсан.  Сансрын нисгэгчид чухамдаа бараг “амьгүй “станц руу ниссэн. Станцтай барих ямарч  холбоо үгүй байв. Нисэх багийнхан модультай гар удирдлагын дэглэмээр  залгагдсан юм. Багийнхан станцын эвдрэлийг засч, чухамдаа амьдруулсан» гэж Ж.Гүррагчаа хэллээ.

Өнөөдөр ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар, хошууч-генерал Владимир Жанибеков  ярилцлага өгөх нь их ховор байдаг.  Тэр их даруу төлөв бөгөөд дуу шуу цөөнтэй хүн. Гэхдээ тэр монгол ахан дүүгийнхээ тухай ярихаар  нүд нь сэргээд ирдэг.

«Мэдээж хэрэг, багийн ахлагчийн хувьд надаас их л юм шалтгаална л даа.  Гэхдээ би өөртөө маш  хатуу шаардлага тавьдаг байлаа. Надтай хамт нисч байгаа нисгэгчдийн хувьд мөн адил шаардана.  Бортинженерын хувьд Гүррагчаад би бүрэн найдаж байсан.  Тэр маш сайн бэлтгэлтэй байсан . Нислэгийн туршид  түүнд ямарч хүндрэл гараагүй. Пульс хэвийн, даралт хэвийн байсан. Монголын сансрын нисгэгч бусдаас юугаараа онцлог байсан гэвэл, дорны хүний буурь суурьтай шинж байсан. Тэр тухайн байдлыг  дүгнэж чадаг сайн талтай.  Тэр хэзээ ч сандарч, яардаггүй. Гүр бүх юмыг яг таг хийдэг. Хөтөлбөрийг ягштал яг л цагны механизм шиг хянаж байсан» гэж Владимир Жанибеков тэмдэглэлээ .

30 гаруй жил Жанибеков, Гүррагчаа хоёр үерхэн нөхөрлөж байна. Тэд байнга уулзалдаж, бие биендээ зочилдог. Өнөөдөр Ж.Гүррагчаа багийн ахлагч,  дотны найз Владимир Жанибековтаа 70 насных нь ойн  баярт мэнд   хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч байна.

Гэрэл зураг