Дэлхийн хоёрдугаар дайнд фашистын Германыг ялсны 67 жилийг ойг даян дэлхий тэмдэглэж байна. Энэ ялалт асар их үнээр олдсон юм. Энэ үнэ цэнэ нь фашистуудын зандалчид сөргөлдүүлэн байлдуулсан сая сая цэргүүдийн алтан амь, бөмбөгдөлт, бөөнөөр хорих лагерьт болон өлсгөлөн, өвчин зовлонгоос болж тэднээс ч  олноороо амь насаа алдсан энгийн номхон иргэд юм. Энэ дайны жилүүдэд Герман болон тэдний эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэр дээр 14 мянган үхлийн лагерь ажиллаж байжээ. Бөөнөөр хорих үхлийн лагерьт 18 сая хүн тарчлан зовж амь насаа алдснаас 5 сая нь ЗХУ-ын иргэд байсан юм.

Нацистуудын энэ аймшигтай машиныг 67 жилийн өмнө зогсоож, устгаж чадсан юм. Олон үндэстний цэрэг эрсүүд мөр зэрэгцэн тулалдаж энэ ялалтыг авчирсан юм. Хүрэн тахалыг ялсан нийтийн ялалтад 27 сая охид хөвгүүдээ алдсан Орос, Украин, Белорусс улсууд болон хуучин ЗХУ-ын бусад БН улсууд үнэлэж барашгүй хувь нэмрээ оруулсан билээ. Гитлерийн зандалчидтай хийсэн энэ аймшигтай дайнд тэд зөвхөн өөрийн Эх орноо хамгаалааад зогсоогүй Европын олон орныг фашистын хүрэн тахалаас чөлөөлсөн юм. Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн АНУ, Их Британи, Франц улсууд болон бусад 50 гаруй улсын ялалтад оруулсан хувь нэмрийг бид хэзээч мартахгүй.

Бид бүхний нийтийн хүчин чармайлтын хүчинд Берлинд фашистын Герман үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан билээ. Ингээд энэ чөлөөлөлтийн өдөр 67 дахь удаагаа дэлхий дахин Агуу их ялалтыг авчирсан ар талын болон фронтын ахмад дайчдынхаа яруу алдарыг алдаршуулан, дайны талбарт амь насаа өргөсөн цэрэг эрс болон энгийн номхон иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Фашизм болон дайн тулаанаас болж амь насаа алдсан бүхнийг хүндэтгэн “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор “Нэг минут номхон зогсоё” нэвтүүлгээ эхлэж байна.

Уламжлал ёсоор Ялалтын баярын өдөр Москвагийн Улаан талбай дээр “Агуу их тэр он жилүүдэд мөргөе” гэсэн нэртэй ёслолын хөтөлбөр болдог юм. Агуу Ялалтад зориулан босгосон дурсгалын гол цогцолбор Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны Мөнхийн галыг ОУ-ын бүх телевизийн төв сувгууд харуулж байна.

Мөнхийн гал... түүнийг аадар бороо, аюулт салхи, цаг хугацаа ч  бөхөөж чадахгүй!!!  Мөнхийн галын амьд сүр хүчин дор үрэгдэгсэдэд өгөх амьд бүхний мөнхийн дурсамж, мөнхийн өр, мөнхийн талархал оршмой. Мөнхийн галын гэрэл дор бид бүхний халуун дурсамж, хайр сэтгэлийн минь туяанд амь эрсдсэн бүхний нэрс гэрэлтэж байна.

Энэ дайнаас болж төрөл төрөгсөдөө алдаагүй нэг ч гэр бүл манай оронд байхгүй. Энэ уй гашуу дайраагүй нэг ч айл өрх үгүй билээ. Ялалтын төлөө амь амьдрал, эрүүл мэнд, эрч хүчээ өгч ар талд, партизаны отрядад, фронт дээр заналт дайсантай тулалдаж байсан хэн бүхнийг энэ өдөр бид санан дурсаж байна.

Бидний нийтийн Эх орон болсон гариг Дэлхийн төлөө, ураг төрлийн болон ахан дүүсийн барилдлагааг бэхжүүлэхийн төлөө алтан амиан өргөсөн тэдний ирээдүй үеийнхнийхээ аз жаргалын тухай мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэхийг бид хичээж байна. Хүмүүсээ! Та бидний аз жаргалын төлөө тэд алтан амиа өргөсөн шүү дээ.

Дайнаас эргэж ирээгүй бүхэнд мөнхийн талархал илэрхийлж, гэгээн дурсгалы нь өнөөдөр бид хүндэтгэж байна. Дэлхийн олон улс орны сүм хийдэд янз бүрийн хэл дээр хойтын буян үйлдэх ном хурж байна. Шашин бүрт энэ мөргөл өөр өөр байж болно гэхдээ “Дайны талбарт цусаан урсгаж, амь насаа өргөн тэнгэрт хальсан өөрийнхөө боолуудын их амгаланд Бурхан минь мөнхийн амгаланг айлдаа. Тэдэнд мөнхийн дурсгалыг бүтээ! Үеэс үед тэдний дурсгалыг бүү март. Тэднийг үүрд мөнх дурсах болно” гэсэн нэг л утгатай юм.

Агуу их ялалтын  төлөө амь насаа өргөсөн бүхний гэгээн дурсгалыг хүндэтгэж алтан дэлхий нам жим боллоо. Нэг минут номхон зогсох мөч эхэллээ.