Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн улсуудын ГХ-ийн сайд нарын уулзалт өнөөдөр Египетийн Шарм-эш-Шейхэд нээгдлээ. Энэ нь тус улсад «арабын хавар» гэгчээс хойш ийм хэмжээнд хуралдаж байгаа олон улсын анхны форум билээ. Тус хөдөлгөөнд нэгдсэн 100 гаруй улсын ГХ-ийн сайд нар ба өөр төлөөлөгчид уулзалтад оролцож байна. «Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн  олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын бодлогын хөгжилд нэлээд их нөлөө үзүүлсээр байна» гэж Египетийн ГХ-ийн сайд Мухаммед Амр форумыг нээж хэллээ. Түүний хэлснээр бол «улс хоорондын харилцаанд шилжилтийн үе байдаггүй. Улс бүрийн хөгжлийн хамгийн хүнд түвэгтэй үед дотоодын өөрчлөлтөөс үл шалтгаалан үндэсний ашиг сонирхол давамгайлах ёстой» Хөдөлгөөнд нэгдэгсэд тулгарсан хурц асуудлууд юуны түрүүнд эдийн засгийн хөгжил, хүнс усны хангамж болон орон нутгийн зэвсэгт мөргөлдөөнөөс сэрэмжлэх, түүнийг зохицуулах, үй олноор хөнөөгч зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг асуудал уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон юм. 1961 онд Белградын бага хурлаас Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг байгуулжээ. Цэргийн эвсэлд нэгдэхгүй нь тус хөдөлгөөний гол зарчим билээ. Эдүгээ 120 улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бүрэлдэхүүнд байна.