Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Тус улсыг 4 жил удирдсан Дмитрий Медведевийг тэр ороллоо. Ерөнхийлөгч болох ёслолын ажиллагаа Кремлийн том ордоны Андреевын танхимд өнөөдөр болсон ба төр, олон нийтийн болон шашны нэрт зүтгэлтнүүд, дипломатчид зэрэг 3000 хүн уригдан оролцсон байна. Владимир Путин Үндсэн хуулин дээр гараа тавин тангараг өргөж, ерөнхийлөгчийн засаглалын билиг тэмдэгийг хүлээж авсан байна. Дараа нь үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд орсныг албан ёсоор зарлалаа. Шинэ төрийн тэргүүнд ЗХ-ний Дээд командлагчийнх нь хувьд тус улсын цөмийн стратегийн хүчний удирдлагыг дамжуулан өгсөн байна. Ёслолын ажиллагааны шууд нэвтүүлгийг зургаан телевизийн суваг, гурван радио станц дамжуулсан байна. 3-р сарын 4-нд болсон сонгуулийн нэгдүгээр шатанд Путин сонгогчдын 63%-ийн санал авч ялалт байгуулсан юм. Анх удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил биш зургаан жил болж байгаа юм.