Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орлоо. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа 2012 оны 5-р сарын 7-нд Москвагийн Кремлийн Георгиевийн танхимд боллоо.

Владимир Путин 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод ажилчны гэр бүлд төржээ. Хүүхэд наснаасаа спортоор хичээллэдэг байсан ба тагнуулчдын тухай кино үзэх дуртай байжээ. Ленинградын Улсын их сургуулийн хуулийн тэнхимын олон улсын ангийг 1975 онд төгссөн байна. Хувиарийн дагуу Улсыг аюулаас хамгаалах байгууллагад томилогдон ажилласан байна. УАХБ-ын москвагийн Дээд сургуульд 1984 онд элсэж герман хэлтэй улсуудаар дагнан суралцсан байна.

БНАГУ-д 1985 онд томилогдон ажилласан ба 1989 оныг дуустал Дрезден хотын зөвлөлт германын найрамдлын ордоны захиралаар ажиллажээ. Санкт-Петербургт эргэж ирснийхээ дараа их сургуульд байхдаа танил байсан хотын зөвлөлийн дарга Анатолий Собчакын зөвлөхөөр ажиллажээ.

1994 оноос Санкт-Петербург хотын засгийн газрын даргын 1-р орлогчоор ажилласан байна. Тэрээр энэ ажил дээр байхдаа хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын компаниудтай хамтран ажиллах, хамтарсан компаниудыг нээх зэрэг асуудлуудыг хариуцдаг байжээ. УАХБ-аас 1992 онд дэд хурандаа цолтойгоор чөлөөнд гарсан байна.

Москвад 1996 оны 8-р сард шилжиж ирээд ОУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга байсан Павел Бородины орлогчоор ажилласан байна. Дараа нь ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хяналтын удирдах газрын даргаар ажиллаж байсан Алексей Кудринг сольжээ. 1998 оны 7-р сараас Аюулгүй байдлын холбооны албаны даргаар, 1999 оны 3-р сараас ОУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна. 1999 оны 8-р сард засгийн газрын ерөнхий сайдаар томилогджээ.

Борис Ельцин 1999 оны 12-р сарын 31-нд ерөнхийлөгчийн албан тушаалаа хугацаанаасаа өмнө өгсний дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байна. 2000 оны 3-р сарын 26-нд сонгогчдын 52,94%-ийн санал авч ОУ-ын ерөнхийлөгчөөр сонгогджээ. 2000 оны 5-р сарын 7-нд ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон байна. Сонгогчдын 71,31%-ийн саналаар 2004 оны 3-р сарын 14-нд ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ.

2008 оны 4-р сард “Нэгдсэн ОУ” намын даргаар сонгогдсон боловч намд элсээгүй байна. 2008 оны 5-р сарын 7-нд ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон байна. 2008 оны 5-р сарын 8-наас 2012 оны 5-р сарын 6-ныг хүртэл засгийн газрын ерөнхий сайдаар ажилласан байна.

2011 оны намар “Нэгдсэн ОУ” намаас ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн байна. 2012 оны 3-р сарын 4-нд болсон сонгуулиар оросуудын 63,6%-ийн санал авч ялалт байгуулжээ.

Владимир Путин эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, герман, англи хэлтэй юм. Самбо болон жудо бөхийн спортын мастер, уулын цаныг сонирходог байна. Эхнэр, хоёр охинтой юм. Энэ гэр бүлийн хайртай амьтан нь Кони нэртэй лабрадор үүлдэрийн нохой юм.