Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн ажээ. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож,  тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа. Учир нь үүгээр Европоос Хятад, Монгол руу явах худалдааны зам өнгөрч байсан. Эрхүү хот хурдан түргэн өргөжин тэлсэн ба 100 жилийн дараа албан ёсны  Сибирийн нийслэл хот  болж хувирсан түүхтэй юм.

18-р зууны эхэн үеэс Эрхүү хот оросын алт олборлогчдын төв болсон юм. Тэр үед хотод чулуугаар баригдасан олон барилга байшин бий болсон төдийгүй тэдгээрийн дунд хотын баячуудын орд харшууд тодрох болсон  юм.

Эрхүү хоттой ойролцоо орших эртний нууруудын нэг, дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль нуур болон тус хотод байдаг 700 орчим түүхэн хөшөө, дурсгалт газрууд нь энэ хотыг  аялал  жуулчлалын  алдартай төв болгосон ажээ.

Байгаль нуур бол Дорнод Сибирийн болон Алс-Дорнодын аялал жуулчлалын гол төв юм. Манай улсад хүн амьдралдаа нэг удаа ч болов заавал үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Тэдгээрийн нэг нь Байгаль нуур юм. Саяхан Байгаль нуур олон улсын нэр хүнтэй уралдааны “экологийн хамгийн сайн аялал жуулчлалын газар” номинацад шалгарсан. Байгаль нууранд дэлхийн цэнгэг усны нөөцийн 22 хувь төвлөрч байдаг билээ. Чухамдаа энд 2,5 мянга гаруй төрлийн ургамал, ховор болон ховордсон ан амьтан байдаг. Тэдгээрийн гуравны хоёр нь зөвхөн Байгаль нууранд байдаг аж.    

Эрхүү хотод түүхэн сонирхолтой газрууд цөөнгүй байдаг билээ. Тэдгээрийн нэг нь Спасскийн сүм юм. Энэ сүм нь   Эрхүүгийн хамгийн эртнийх бөгөөд сүмийн барилгын гадна, дотор талуудыг уран зургаар адилхан чимсэн Сибирийн цорын ганц сүм юм. Сүмийн ханын болон бурхануудын зургуудад  Эрхүү хотын түүхийг өгүүлсэн байдаг. Одоо Спасскийн сүм дотор хотын түүхийг харуулсан гайхалтай сайхан музей байдаг  юм.

Знамены хийдэд очиж үзэхээ мартуузай! Энд Дорнод-Сибирийн эмэгтэйчүүдийн анхны хийд байжээ. 17-р зууны  сүүлээр хоёр голын огтолцоон дээр байгуулагдсан энэхүү хийд нь зуун жилийн дараа одоогийн төрхөө олжээ. Хийдийн дуганд бурханы хосгүй бүтээлүүд болон гал тогооны хэрэгсэлүүд болоод ховордсон номнууд хадгалагддаг байна. Эрхүүгийн орон нутгийн музей нь хосгүй сайхан үзмэрүүдтэй бөгөөд энд ирсэн жуулчдын анхаарлыг их татдаг юм.

Музейн санд 400 мянга гаруй нэгж үзмэр хадгалагдаж байдаг гэж тайлбарлагч Лариса Инаркаева ярьж байна. Орос, Монгол болон Хятадын соёл, уламжлал ёс заншилд зориулсан тусгай танхимууд байдаг. Номын цуглуулга нь 80 мянга гаруй ширхэгээр тоологдоно. Хамгийн үнэ цэнэтэйд 17-р зууны эртний хэвлэлүүд болон 18-19 зууны хятадын уран зохиолын баялаг цуглуулгууд ордог аж. Жил бүр музей 50 гаруй үзэсгэлэн зохион явуулдаг.

Эндхийн ер бусын түүхэн дурсгалуудын нэг бол зуу гаруй жилийн өмнө баригдсан, дэлхийн хосгүй мөс хагалагч хөлөг онгоцнуудын нэг ” Ангара” төрлийн хөлөг онгоц юм. Санкт-Петербургийг “Аврора”-гүйгээр, Владивостокийг ЗХУ- ын Номхон далайн анхны хөлөг онгоц “Красный вымпел”-гүйгээр төсөөлөхийн аргагүйн нэгэн адил, Эрхүүд очоод “Ангара” хөлөг онгоцыг нүдээр үзэхгүй байхын арга үгүй юм. Одоо “Ангара” хөлөг онгоц нь Эрхүүгийн усан цахилгаан станцын боомтын дэргэдэх зогсоол дээр байдаг. Мөс зүсэгч онгоц дээр соёл-экологийн төв байгуулжээ. Энд орон нутгийн  музейн болон Сибирийн зургийн музейн үзмэрүүдийг дэлгэн харуулсан бөгөөд онгоцны тасалгаануудад төрөл бүрийн сэдэвчилсэн кино үзэх боломжтой юм. Магадгүй музейн үзмэрүүд нь тийм ч сонирхолтой биш байж болох юм, тэгвэл онгоцны дотор орж, хөлөг онгоцны жолоог эргүүлж, хөлгийн их бууг нүдээр үзэх нь хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэгчид ч ховор олдох боломж ажээ.

Эрхүүгийн түүхэн дурсгалын газруудаар явсны дараа аливаа жуулчны зам Байгаль нуур тийш чиглэдэг. Гэхдээ замын хагаст Тальцы тосгонд саатан морилохыг зөвлөе. Эндхийн тэнгэрийн доорх угсаатны уран барилгын музей сибирийн 300 гаруй жилийн түүхийг тод томруун өгүүлнэ. Усть-Илимийн Усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулахын өмнө усанд автагдах гэж байсан газраас оросын анхны суурьшигчдын бууц, хамжлагуудын цамхаг, сүм, эвенкүүдийн бууц болон буриад гэрүүдийг Тальцы гэдэг газар   авчирч барьжээ. Энэ бүгд нь 17-18-р зууны  ахуйн бодит эд зүйлсүүд. Он цаг улирч, музей ч өргөжин тэлсээр байна. Харин одоо эдгээр бүх байгууламжуудыг харахын тулд багагүй цаг шаардагдана. Дашрамд хэлхэд, сибирийн тайга болон буриад гэрт болж байгаа үйл явдлуудтай ихэнхи киноны зургийг энд авдаг юм.

Музейн нутаг дэвсгэр дээр тэр үеийн тосгоны амьдралын тухай өргөтгөсөн нилээд хэдэн үзэсгэлэн байдаг. Тэдгээрийн нэгд даавууны нэхмэлийн түүхийг харуулсан үзмэрүүд байх  аж. Үзэсгэлэнд нэхмэлийн гар үйлдвэрлэлийн эртний  хэрэгсэлүүдийг болон эрт цагийн хөвөн болоод ноосон даавуунуудаас дэлгэн харуулжээ. Энд ирсэн хүмүүс эртний хувцас хунарыг үзэж харахаас гадна тэдгээрийн үйлдвэрлэлийн онцлогтой танилцах бололцоотой юм.

Соёл-танин мэдэхүйн аялал жуулчлалаас гадна Эрхүү мужийн орчимд болон Дорнод-Сибирьт бүхэлдээ эконтуризм нилээд хөгжиж байна. Хотын орчин тойронд дөрвөн дархан цаазат газар байдаг. Та бүхнийг өмнө нь аж үйлдвэрийн хөлд дарагдаж байгаагүй онгон байгальтай хосгүй сайхан газруудтай танилцуулъя.

Хамгийн сонирхол татахуйц газрын нэг бол Байгаль нуурын эргээр 500 км үргэлжлэх Байгаль орчмын үндэсний хүрээлэн юм. Энд аялал жуулчлалын 20 гаруй чиглэлүүд байдаг бөгөөд тав тухтай амралтын бүхий л бололцоо бий болсон юм.

Түүнчлэн, дэлхийн томоохон нууруудын нэг Байгал нуурын Ольхон арал дээр очих боломжтой юм. Яруу найргийн дүрээр бол Байгаль нуур нь Сибирийн хөх зүрх, харин Ольхон бол Байгалын зүрх юм. Тус арал нь нуурын газар зүйн, түүхэн болон ариун дагшин  – чухамдаа энд Байгаль нуурын нэрийн хуудас Шаман булан байдаг. Шаман хад нь Азид ордог 9 ариун шүтээний нэг бөгөөд алдарт Байгаль нуурын тухай  нэг ч кинозураг, нэг ч зургийн цомог түүнгүйгээр байдаггүй юм. Энэ булан ариун газар гэгдэх бөгөөд байгалийн “онгодын  ордон” гэж тооцогддог. Домогт гардагаар энд буриадын анхны бөө онгодоо дуудаж байжээ. Энд эрт цагт бөө нар ирж онгодоо дуудаж байсан ажээ. Одоо бөө нарын үр удмууд хүссэн хүмүүст онгод дуудах мөргөл  ёслолын зан үйлийг  харуулдаг байна.  

Ольхон арал дээр байгалийн олон бүс байдаг: энд хээр тал, элсэн шарлагын газар, шилмүүст төгөл, өтгөн ой мод, огцом хад асгад, усны ургамал шигүүн ургасан намаг зэрэг байх аж. Үзэсгэлэнт байгальтай энэхүү арлын газруудад  тусгай зураг авалтуудыг зохион байгуулдаг. Идэвхитэй амралт сонирхогчдыг уулын дугуй болон  мэргэжлийн зааварлагчдын зөвлөгөө хүлээж байна.  

Сүүлийн хэдэн жил жуулчдын тоо тогтвортой өсч байна. 2011 онд Эрхүү мужид 750 мянга орчим жуулчид иржээ. Хотын “Аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд онгоцны буудалд болон төмөр замын вокзал дээр хотын аялал жуулчлалын боломжуудын тухай мэдээллүүдтэй цахим терминалуудыг байрлуулжээ. Удахгүй Эрхүүгийн түүхийн болон уран барилгын 17 объект хотын төв хэсгийн явган зорчигчдын ногоон шугамтай холбогдох болно. Энэ чиглэлийг олоход хялбар байх юм, учир нь замын турш асфальтан замыг дагаад ногоон шугамыг заасан тэмдэг байрлуулна. Түүний туслалцаатайгаар жуулчид хот дотор чөлөөтэй явж, түүхэн дурсгалын газруудыг цаг алдалгүй  хялбар олох боломжтой болно.