Өөрөөр сэтгэгч  хараагүй иргэн Чэнь Гуанчэны хувь заяа болон хятадын хөлөг онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс руу явуулсан хэрэг явдал Бээжинд Хятад, АНУ хоёрын стратегийн ба эдийн засгийн яриа хэлэлцээнд зохисгүй нөлөөлэв. Харин яриа хэлэлцээний  ачаар дипломат хурц маргааныг бага зэрэг зөөлрөөлэв.

5-р сарын 4-нд БНХАУ-ын ГХЯ гадаадад суралцах баримт бичгүүдээ өгөх зөвшөөрөл Чэнь Гуанчэнд өгсэн байна. Хятад, АНУ хоёрын стратегийн ба эдийн засгийн асуудлаар хийсэн хоёр өдрийн зөвлөлгөөн дуусмагц энэ тухай зарлав. 5-р сарын 2-нд Чэнь Гуанчэн АНУ-ын элчин сайдын яаманд зургаан өдөр байгаад явсныхаа дараа «гэр бүлтэйгээ хамт далайн чанадад амармаар байна» гэж мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийм эмзэг байдлаас гарах арга замыг эрэв. Хятадын ГХЯ будлианыг БНХАУ-ын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг  хэмээн үзсэн билээ.

Байдлаас  харахад хоёр талаас харилцан найр тавьсан шиг байна. Бээжин хэрүүл маргааныг гааруулахаас татгалзав. БНХАУ-ын дарга Ху Зиньтао хоёр талын харилцааг хөгжүүлэх шинэ арга замыг эрэхийг Хиллари Клинтонд санал болгов. Хоёр орны харилцаа хэзээ хэзээнээс илүү бат бэх байна гэж Клинтон өөрийн хариуд  тэмдэглэжээ. Талууд маш нээлттэй шудрага харилцаа тогтоосонд тэрээр анхаарлыг хандуулав. Харин тэрээр Чэнь Гуанчэнийг дурдаагүй байна.

Макро эдийн засаг  ба юанийн ханшийн асуудлаар санал солилцсон нь яриа хэлэлцээний нааштай үр дүн болсон юм. Мөн уулзалтын өмнө Хятад валютынхаа ханшийн хэлбэлзэлийн хүрээг өргөжүүллээ. Түнш нь үүнийг зүй ёсоор үнэлэв. Гэвч юанийн ханш илүү чөлөөт зах зээлийн болж, Хятадаас ховор төмөрлөгийг дэлхийн зах зээлд саадгүй гаргана гэдэгт Вашингтон найдаж байна. Хоёр талын санал зөрөлдөөн зах зээлийн тогтвортой байдлыг хохироохгүйг хичээсэн юм.

Бээжин хамтрасан үйлдвэрүүдэд гадаадын капиталын хувь хэмжээг 49 хувь хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрэв. Гэвч америкийн талаас  дээд зэргийн технологийн бүтээгдэхүүнээ Хятад улсад нийлүүлэх  талаар тогтоосон хязгаарлалтыг арилгах шаардлагыг биелүүлэх эсэх тухай мэдээлээгүй байна. АНУ эл асуудлаар байр сууриа зөөлрүүлэхгүй байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлээд

«Эдүгээ Хятад худалдааны харилцааны тэнцүү бус байдлыг АНУ-д шахалт үзүүлэх зорилгоор ашиглаж байна. Өөрөөр хэлвэл америкийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар худалдааны харилцааг жигдрүүлэхийг оролдож байна. Хятадын шахалт зохих үр дүнд хүрэх эсэхийг хэлэхэд хэцүү. Энэ нь өөр хэдэн асуудлын шийдвэрээс шалтгаална. Мэдээжээр үүнийг Иран, БНАСАУ-ын тойрны стратегийн асуудлуудтай холбон үзэж байна» гэв.

Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгисийн асуудал хятад-америкийн харилцааг хүндрүүлэв. АНУ нефтиэр баялаг арлуудын тойрны  нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар Филиппин, Вьетнам хоёрын талд оржээ. Манилд цэргийн тусламж үзүүлнэ гэж Пентагон АНУ-Хятадын яриа хэлэлцээ эхлэхийн өмнө 4-р сарын 30-нд амлав. Үүний хариуд Хятад бүс нутагт  цэргийн үр нөлөөгөө өргөжүүлж байна. Яриа хэлэлцээ хийж эхлэсэн 5-р сарын 3-нд  хятадын тагнуулын дөрвөн, загас агнуурын 10 хөлөг онгоц маргаан үүсгэсэн бүсээс холгүй зогссон тухай филиппиний цэргийнхэн мэдээлжээ. Хятад улсаас АНУ-ын шахалтад ийм хатуу хариу өгөв. Хятад Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай  асуудлаар зарчмаасаа хэзээ ч ухрахгүйгээ мэдүүллээ.