ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНБуриад Улсын өнөөгийн ерөнхийлөгч Вячеслав Наговицыныг  шинэ хугацаанд төрийн тэргүүний эрх мэдэлтэй болгох саналыг өнөөдөр бүс нутгийн парламентад хэлэлцүүлэхээр оруулав. Наговицын урьдын таван жил энэ албан тушаалд  үр бүтээлтэй ажиллаж ирсэн гэж  Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский хэллээ. Наговицын бүс нутгийг 2007 оны 7-р сараас удирдаж байна. «Энэ нь Буриадад стратегийн ба тактикийн маш олон зорилтыг биелүүлсэнтэй холбоотой. Улаан Үд өөрчлөгдэж, нисэх онгоцны буудал барьж байна. Хэд хэдэн шинэ зам тавьж, соёлын олон барилга байгууламж барьж, театруудыг сэлбэн шинэчлэсэн» гэж Толоконский хэлжээ. Буриадын удирдлагын санаачилгаар Байгал орчимд аялал жуулчлалын онцгой бүс байгуулах тухай шийдвэр гаргасныг тэрээр онцлов. Түрүүчийн таван жил Наговицынд ч, бүс нутагт ч ашиг тустай болсон гэж ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч үзэж байна. Илчит энергийн хөгжил бүс нутгийн хамгийн хүнд түвэгтэй чухал зорилт хэвээр байгааг Толоконский тэмдэглэжээ.

Буриадын Ардын хурлын төлөөлөгчийн хэлснээр бол бүс нутгийн парламент Вячеслав Наговицыныг БНУлсын ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй болгох асуудлыг 5-р сарын 12-нд авч үзэж мэднэ.

Вячеслав Владимирович Наговицын 1956 оны 3-р сарын 2-нд Автономит БНУдмурд Улсын Глазово хотноо төржээ. Тэрээр 1978 онд Томск хотын политехникийн дээд сургууль дүүргэсэн хийгээд 1992 онд ОХУ-ын засгийн газрын дэргэдэх Ардын аж ахуйн академи төгсөөд бас нэг дээд боловсролтой болжээ. Наговицын 2007 оны 7-р сарын 10-аас БНБуриад Улсын ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүний албан тушаал хашиж байна.Тэрээр засгийн газрын  бүс нутгийн хөгжлийн асуудал эрхлэсэн комисс болон Алс Дорнод, БНБуриад Улс, Забайкальский хязгаар, Эрхүү мужийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудал эрхлэсэн улсын комиссын гишүүн юм.