Хятадын хүний эрхийн хуульч Чэнь Гуанчэмины будлиан Хятад, АНУ-ын хоорондын харилцааны бас нэгэн шинэ сөргөлдөөн болж мэдэх юм. Энэ сэдвийг хятад-америкийн стратегийн болон эдийн засгийн 4 дэхь яриа хэлэлцээний үеэр хэлэлцэх юм. Уулзалт 5-р сарын 3-4-ний өдрүүдэд Бээжинд Төрийн зөвлөлийн дэд тэргүүн  Ван Цишан болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нарын оролцоотойгоор явагдана.

Клинтоны айлчлал нь хятадын хараагүй хүний эрхийн хуульч Чэнь Гуанчэний шуугиантай асуудалтай яг таарчээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө болон хүчээр үр хөндөхийн эсрэг тэмцэж байгаа юм. 2009 онд Чэнь шоронд орсон. 2010 онд суллагдсны дараа тэр гэрийн хорионд байсан. Гадаадын ХМХ-үүдийн мэдээлж буйгаар, 4-р сарын сүүлээр Чэнь Гуанчэн гэрийн хорионоосоо оргон зайлж, Бээжин дэхь АНУ-ын Элчин сайдын яаманд нуугдаж, америкийн дипломатчдаас орогнол хүссэн аж. Өмнө нь Бэжин албан ёсоор энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхийг татгалзаж байсан юм. Вашингтон ч мөн дуугүй байсан. Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, хэвлэлүүдийн мэдээлсэнийг мэдсэн гээд тайлбар өгөхөөс татгалзсан. Магадгүй, талууд эцсээ хүртэл  энэхүү ярвигтай байдлаас гарахыг оролдож хаалттай зөвлөгөөнүүдийг явуулсан байх.  

Хилари Клинтоныг Бээжинд ирэх өдөр Чэнь Гуанчэн АНУ-ын Элчин сайдын яамыг орхин явсан тухай “тэр тэнд сайн дураараа зургаан өдөр байсны эцэст явлаа” гэж  мэдээлжээ. БНХАУ-ын ГХЯ нь АНУ-ыг Чэнь Гуанчэний Бээжин дэхь АНУ-ын дипломат байгууллагад ирсэнтэй холбогдуулан тус улсаас уучлалт гуйхыг шаарджээ.

Вашингтон маш хүнд байдалд оржээ. Тэд асуудлыг “хүний эрхийг хамгаалах” өөрийн имижийг хохироохгүйн зэрэгцээ нөгөөтэйгүүр, Бээжинтэй хэвийн харилцаагаа хадгалах үүднээс шийдвэрлэх сонирхолтой байна. “Үр дүнтэй харилцаа гэдэг нь бидний зөвшилцөөгүй байгаа, ялангуяа, хүний эрхийн асуудлаархи тулгамдсан асуудлуудыг илэн далангүй хэлэлцэхийг хэлнэ” гэж Клинтон Бээжин рүү нисэхийн өмнө хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв.

Яриа хэлэлцээний гол сэдвүүдээр хуучин тулгамдсан асуудлууд байх бөгөөд юаний бодлого болон худалдааны тэнцвэргүй байдал зэрэг байх болно гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна. Нөгөөтэйгүүр, тэд одоо Хятад, АНУ-ын улс төрийн салбарын хооронд гарсан хурцадмал үед өөр өнгө аястай байх аж.

АНУ Азид буцаж ирэх бодлогыг явуулж байгаа төдийгүй өөрөөр хэлбэл, тэнд өөрийн байо суурийг бэхжүүлэхээр тэмүүлж байна. Хятад эдийн засгийн болон цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн хамт, өөрийн усан хилийн орчимд хүчээ зузаатгаж, маргаантай байгаа арлуудын асуудлаар нилээд хатуу байр суурьтай байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хятад нь Япон, Вьетнам, Филиппинтэй тулгамдсан   асуудалтай байна. АНУ үүнд зуучийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байгаа боловч, арлын маргаантай асуудал нь Хятадын тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж хувирахыг бүр хүсэхгүй байгаа аж. Энэ асуудалд Хятад, АНУ-ын өрсөлдөөн цухалзаж байгаа юм.

Хятад-америкийн яриа хэлэлцээний өмнөхөн Вашингтонд өмнө нь зохиож байгаагүй БХЯ-ны сайд Леон Панетта болон Филиппины ГХЯ болон БХЯ-ны тэргүүн Альберт дель Розарио, Вольтер Газмин нарын уулзалт болж өнгөрсөн юм. Зочид цэргийн тусламж хүссэн бөгөөд ялангуяа, армийг бэхжүүлэхийг хүсчээ. Ингэхдээ тэд Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа цэргийн чадавхи болон тэдний улс орон руу Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг тойрсон хятадын шахалтуудыг дурдаж байжээ. Хэрвээ Бээжин дэхь уулзалт дээр Хятадын дотоодын улс төрийн хэргүүдэд хүчтэй шахалт үзүүлэх юм бол магадгүй Бээжин Өмнөд-Хятадын тэнгисийн арлуудыг тойрсон маргаантай асуудалд аливаа гуравдагч талыг эс оруулах тухай эрс шийдэмгий хариу өгөх нь тодорхой юм.