Буддын шашинтай ард түмнүүдийн мини хөл бөмбөгийн “Цагаан лянхуа цэцгийн цом”олон улсын тэмцээн оросын БН Халимаг улсын нийслэл Элстэйд 5-р сарын 1-3-ны хооронд болно. Энэ тэмцээнд оросын Буриад, Тува, Халимаг улсуудаас гадна Монгол, Лаос, Шри-Ланка улсуудын багууд оролцох юм байна. Элстэй хотын буддын сүмийн хэвлэлийн албанаас иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр уламжилсан байна. Энэ тэмцээнд мэргэжлийн бус оюутан, залуучуудын баг оролцох юм байна. Халимаг улсад хүрэлцэн ирээд байгаа нэрт буддын шашныг номлогч Роберт Турман энэ тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно гэж төлөвлөөд байна гэж хэвлэлийн албаны төлөөлөгч ярьсан байна. Буддын шашинтай ард түмнүүдийг нэгтгэх нь энэ тэмцээний гол зорилго гэж өөрийн зүгээс Халимагын хамба лам Тэло Тулку Ринпоче мэдэгдсэн байна. “Энэ тэмцээн нь залуучуудын дунд эрүүл чийрэг амьдрал болон спортыг сурталчилах болон харилцан хүндлэл, тэвчингүй үзлээр хүмүүжүүлэх оюун санааны, ёс суртахууны хүмүүжилд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэж” Тэло Тулку Ринпоче хамба лам хэлснийг “Интерфакс” агентлаг иш татсан байна.