0 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун Мьянма улсад айлчлах үеэрээ барууныхан тус улсын эсрэг хоригоо зөөлрүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Мьянмагийн ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсныхаа дараа Пан Ги Мун олон улсын хамтын нийгэмлэгээс аваад байгаа арга хэмжээнүүдийг сайшаагаад улам цаашаа ахих хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна. Тус улсын одоогийн удирдлага улс төрийн шинэчлэл явуулж байгааг дэмжихээр Пан Ги Мун өнөөдөр Мьянма улсад  албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Төрийн эрхэнд бараг хагас зуун жил цэргийн хунт ноёрхсон Мьянмад өнгөрсөн жил иргэний засгийн газар бүрэлдсэн юм. 4-р сарын эхээр болсон нэмэлт сонгуулийн явцад Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чжи тэргүүнтэй сөрөг хүчин парламентад суудал авсан юм.