Сири улс дахь НҮБ-ын цэргийн ажиглагчдын шинэ удирдагч норвегийн хошууч генерал Роберт Муд Дамаскт ажилдаа орлоо. Сиричүүд өөрсдөө л хүсэхгүй бол энэ улсад мянган ажиглагчид ч явуулаад гал зогсоож чадахгүй гэж Дамаскт ирэнгүүтээ тэр мэдэгдлээ. НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүх талуудад нэн даруй галаа зогсоохыг уриаллаа. Мөргөлдөж байгаа талуудын хамтын хүчин чармайлтаар л тус улсад энх тайвныг тогтооно гэж Муд онцлон тэмдэглэсэн байна. НҮБ-ын ажиглагчдын тэргүүлэх бүлгийн 30 ажиглагчид өнөөдөр Сири улсад ажилдаа орно. Нэг сарын дараа ажиглагчдын тоог 100-д хүргэж яваандаа 300 хүн болгох төлөвлөгөөтэй байна. НҮБ-ын ажиглагчдын тэргүүлэх бүлэгт оросын дөрвөн офицер байна гэж баттай эх сурвалж “Интерфакст” мэдээлсэн байна. Энэ бүлэг дэх оросын төлөөлөгчдийн тоог цаашид нэмэгдүүлэх болно. Сири улс дахь НҮБ-ын ажиглагчдын бүлгийн ажил тус улсад хүчирхийлэлийг зогсооход тус болно гэж ОУ-ын ГХЯ үзэж байна. Шинэ мөргөлдөөн гарч байгаа тухай мэдээ Сири улсаас ирсээр байна. Дамаск хот дахь Төв банкны байшинг үл мэдэгдэх этгээд танк эсэргүүцэгч гар хийцийн гранат шидэгчээр буудсан гэсэн мэдээ өнөөдөр ирлээ. Төв банкны байшин “маш ихээр эвдэрсэн” гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ дайралтад цагдаагийн харуулынхан өртсөн бөгөөд дөрвөн цагдаа шархадсан байна.