Мьянма өрнөдийн хувьд «хор хөнөөлийн голомт» байхаа больж байна.ЕХ төлөөлөгчдийн газраа Янгонд нээх төлөвлөгөөтэй байна. Зэвсэг нийлүүлэх хорионоос гадна урьд нь зарласан хориг арга хэмжээ авахгүй  гэж ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээгүүр тушаалтан Кэтрин Эштон энэ сарын 28-30 өдрүүдэд Мьянмад айлчлах үеэрээ мэдэгдэх юм.

ЕХ-ны удирдагчийн сүүлийн 20 жилд анх удаа хийх аялал Мьянматай идэвхтэй хамтран ажиллах эхлэл тавьна гэж Брюссель мэдэгдэв. Европынхон шинэтгэл явуулж, ардчилсан өөрчлөлт гаргахад нь тус улсад туслана.

Үүний хамт АНУ-ын засаг захиргаа Мьянмын эсрэг хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх  төлөвлөгөөтэй байна.Үүний хариуд америкийн төрийн бус байгууллагууд Мьянмад ажиллахыг зөвшөөрөх бололтой. Эдгээр байгуулага  боловсролыг хөгжүүлэх, шашны хэлхээ холбоо тогтоох, ардчилсан үйл явцыг төлөвшүүлэх асуудал дээр ажиллана.

Одоогоос долоо хоногийн өмнө Япон Янгонд ахин зээл олгож эхлэв. Мьянмын ерөнхий сайд У Тхейн Сейний Токиод хийсэн айлчлалын үеэр энэ тухай зарлажээ. Энэ нь сүүлийн 28 жилд тус улсын удирдагчийн Японд хийсэн анхны айлчлал билээ.

Цэргийн хунтыг татан буулгах тухай нэг жилийн өмнө Янгон зарласнаас хойш өрнөдийн орнууд ба Япон улс Мьянматай эвлэрч эхлэв. Энэ сарын эхээр сөрөг хүчний удирдагч Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Сун Жи анх удаа парламентын депутат болсноос хойш өрнөдийнхөн «мьянмын хавар» гэгчийн тухай ярьцгааж эхэллээ. Зөвхөн гаднаас харахад Мьянмад ардчилалын шинж тэмдэг илэрсэн гэж олонхи шинжээч үзэж байна. Генералууд цэргийн дүрмийн хувцасаа энгийн костюмоор сольсон. Парламентын олонхи цэргийнхэнд захирагдсан намуудын төлөөлөгчид юм. Үүний хамт улс төрийн зарлал солигдож, хүний эрхийг хамгаалагч Аун Сан Сун Жи үр нөлөөгөө сэргээсэн явдал  өрнөдийн хувьд  нэр нүүрээ баралгүй Мьянмад ашиг сонирхолынхоо төлөөх шинэ тоглоомыг өдөөх шалтаг болсон юм.

Тэр тусмаа өрнөдийн орнууд ба Япон улс Мьянмаг улс төрийн талаар ганцаардуулж, эдийн засгийн хориг тогтоосон үед Хятад тэнд үр нөлөөгөө өргөжүүлэв. Хятад өргөн хэрэгцээт бараа таваараараа тус улсыг дүүргэж, Янгонтэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж эхлэв.Түүнчлэн Африк, Ойрхи Дорнодоос нефть хийн нийлүүлэлтийг даатгаж Мьянмаг дамжин Энэтхэгийн далай руу хий дамжуулах хоолой барьж байна. Ийн нөхцөлд Хятадын үйл ажиллагааг хязгаарлахыг өрнөдийн орнууд оролдох нь дамжиггүй гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн щинжээч Феликс Юрлов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Мьянма геостратегийн сонирхол их татаж байна. Хятад ба өрнөдийн орнууд тус улсад үр нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө тэмцэх бололтой. Мьянма Хятадын ба өрнөдийн орнуудын ашиг сонирхол харшилдах талбар болж байна. Тэмцэл цаашид хурцдана. Тэмцэл хүнд түвэгтэй болох нь эргэлзээгүй. Эсэргүүцэл ямар хэлбэртэй болох нь өөр асуудал» гэлээ.

Байдлаас харахад Хятад шинэ сорилтод бэлэн байна. Цэрэг техникийн ба эдийн засгийн тусламжаа өргөжүүлнэ гэж саяхан тус улс Мьянмад батлан илэрхийлэв. Өрнөдийнхөн хоригоо зөвхөн зөөлрүүлж байхад  Хятад үр нөлөөгөө өргөжүүлэн бэхжүүлэх сувгуудаа хэрэглэж байна. Бирмад хийсэн дайнд хятадын аян замын цэрэг оролцсоны 70 жилийн ойг Бээжингийн санаачилгаар анх удаа өргөн тэмдэглэв. Урьд Хятад улсын түүхийн гоминданы үеийн энэ хуудас Бээжин Янгоны хоорондын харилцааг түгшүүртэй болгож байв. Одоо энэ асуудал үгүй болсон. Энэ нь Мьянмад Хятадаас  өрнөдтэй хийж буй улс төрийн  тоглоомын хөрээнд хийсэн хүчит алхам болжээ.