ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлж, оросын тэргүүлэх телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө дөрвөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэв. Энэ завсар манай орон ба иргэд илүү өргөн эрх чөлөөтэй болсон гэж төрийн тэргүүн мэдэгдээд өөрий нь санаачилсан улс төрийн өөрчлөн байгуулалтын ач холбогдолыг онцлов. Гэвч санасандаа тэр болгон хүрээгүй тухайлбал авилгалыг устгаж чадаагүй гэж тэрээр харамсан хэлэв.

Мягмар гаригт Кремлийн Георгийн танхимд болсон Төрийн зөвлөлийн хуралдаанд оросын бүс нутгуудын удирдагчид болон засгийн газар, парламентын гишүүд, намын тэргүүн нар түүнчлэн дээд шүүхийн дарга нар, олон нийтийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид оролцов. Төрийн тэргүүн албан тушаал хаших үеэрээ хийсэн ажлаа дүгнэж, дэлхийн эдийн засгийн хямрал гарсан нөхцөлд иргэдээ хамгаалсныг онцлов. Энэ нь гол амжилтын нэг гэж  Медведев хэлээд

«Хүн ам олноороо ядуурахад хүрээгүй. Дэлхийн уналтын нөхцөлд сая сая гэр бүлийн аж байдлыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлсээр байна. Энэ оны 4 хувь инфляци Оросын орчин цагийн түүхэнд хамгийн бага хэмжээний болов. Бидний зорилт инфляцийг жилээс жилд хатуу тууштай бууруулахад оршино. Энэ оны эхний улирлын ажилгүйдэл 6,5 хувь орчим байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн эдийн засгийн хямрал эхэлтэл ажилгүйдэл ийм байсан юм. Оросын эдийн засгийн өсөлтийн хурдац 4 хувь орчимд тогтворжив. Энэ нь дэлхийн томоохон эдийн засгийн дотор нэлээд сайн үзүүлэлт болсон» гэлээ.

Өнөөгийн ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа дүн гаргахын хамт ирээдүйн зорилтуудыг дурдав. Ардчиллах үйл явцыг эрчимжүүлэх, эдийн засгийн салбарт төрийн оролцоог багасгах нь  урьтлалын нэг болно. Улс орондоо ажил хэрэгч таатай уур амьсгалыг төлөвшүүлэх нь бас нэг үндсэн чиглэл гэж Дмитрий Медведев хэллээ. Төрөөс үндсэн шийдвэр гаргах үеэр удирдлага болгох гол таван зарчмыг ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан тодорхойлон хэлэхдээ

«1-рт үйлдвэрлэл эрхлэх авьяас билгийг нийгмийн чухал үнэ цэнэтэй зүйл хэмээн үзэх хэрэгтэй. 2-рт  эдийн засгийн салбарт төрийн оролцоог аль болохоор багасгаж ил тод болгох хэрэгтэй. 3-рт хууль сахиулах байгууллагууд ямар ч хэлбэрийн өмчтэй байгууллагуудад атгаг бус үүднээс хандах ёстой. Эдгээр байгууллагыг адил тэгш хамгаалах хэрэгтэй. 4-рт зохицуулалт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байх ёстой. 5-рт нийгмийн сонирхогч бүх хүчин ёс журмыг боловсруулж тогтооход оролцох ёстой» гэв.

Ерөнхийлөгч эдийн засгийн үр дүнг хүндүж, эдийн засгийн эрх чөлөөний хөгжил чухлыг онцлов. Энэ мэдэгдэл хөтөлбөрийн шинж чанартай гэж улс төр судлаач Дмитрий Орлов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдээд

«Медведев үндэсний эрх чөлөөг оросын улс төрийн бодлогын үнэ цэнэт чиг баримжаа болгон томьёлов. Хувь хүний биш улс төрийн ангийн хариуцлагатай хэсгийн сонголт хэмээн эрх чөлөөг томъёолсон байна. Миний бодоход мөн сонголт ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтын уур амьсгал, үйлдвэрлэл эрхлэлтэд хандах хандлагыг өөрчлөх болон үйлдвэрлэл эрхлэлт, гадаадын хөрөнгө оруулагчдыг баталгаатай хамгаалах боломж олгож байна» гэв.

 5-р сарын 7-нд Дмитрий Медведев эрх мэдлээ ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путинд  шилжүүлнэ. Төрийн тэргүүн пурэв гаригт засгийн эрхийг ийнхүү дамжуулан залгамжлуулахын үр  дүнгийн тухай сэтгүүлчийн асуултад  хариулахдаа «энэ нь улс төрийн арга ажиллагааны хувьд үр дүнд хүрсэн» гэж онцлов.