Янз бүрийн шашин, соёл тивд энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санаа тэр болгон хэрэгжихгүй байгааг европын улс төрийн элит хүлээв. Гэвч өөр шинэ үзэл баримтлал одоогоор алга. Ийм нөхцөл байдал аюултай байна. Хэтдээ Андерс Брейвик мэт террорист олон шашин, соёл зэрэгцэн орших нь европын соёлыг хохироож байна хэмээн үзэж, түүнийг дангаар буюу хамтаар хамгаалахаар шийдэж болзошгүй.

Сайн санааны үүднээс ийм ажиллагаа явуулсан гэж «норвегийн буудагч» хэлжээ. Өөрийн соёл, үндэсний өвөрмөц байдлыг хохироож байна гэж тэр Норвеги ба Европыг зэмлэжээ.  Олон шашин, соёл зэрэгцэн орших бодлого ба «лалынхан европт цөмрөн орохын» эсрэг  загалмайн аян  дайн зарласан гэж  Брейвик шүүгчдэд мэдэгдэв. Брейвик Европт үндэсэрхэг үзэл эрс гаарч, «нэг гэр орон» европын бодлого дампуурч байгаагийн илрэл гэж улс төр судлаач Валерий Островский хэлээд

«Сүүлийн 30 жилд Европт төлөвшиж ирсэн олон шашин соёл зэрэгцэн орших  бодлого дампуурсныг үндэсэрхэг үзэл гаарсан явдал харуулсан. Саркози, Меркель, Кэмерон нар үүнийг хүлээв. Ийм дампууралд янз янзаар хандсан юм. Брейвик мэт этгээд аллага хядлага үйлдэхээс аваад жишээ нь Эрх чөлөөний нам Голландид, Марин Ле Пений Үндэсний фронт Францид  амжилт гаргасан хуртэл үүний илрэл болсон» гэв.

Хэт барууны хүчин цаашид ч амжилт гаргах бүх угтвар нөхцөл бий. Олон шашин соёл зэрэгцэн орших бодлого эдийн засгийн хямрал гарсан нөхцөлд дампуурав. Нийгмийн түвэг бэрхшээл тулгарсан үед  уугуул хүн ам харийн хүмүүсийн биш өөрсдий нь хөнгөлөлтийг хэвээр хадгалахыг шаардаж, барууны хүчнийг дэмжинэ. Барууны хүчин чухам юуг шаардаж байгааг италийн хэт барууны La destra  намын удирдагч Франческо Сторачейн хэлсэн үг тусган харуулж байна.

«Нууц цагаачлалыг зогсоох хэрэгтэй. Цагаачид орон нутгийн ёс заншил, хууль ёс, дүрмийг мэдэж хүндэтгэх ёстой. Шидит элбэг дэлбэг улсад очно гэж бодохоос нь сэрэмжлэх хэрэгтэй. Итали  болон  европын өөр улсууд ирсэн бүхнийг хүлээж авч чадахгүй. Хэт олон хүн шилжин сууж байна» гэж Стораче хэллээ.

Эрх баригчид лалынхан Европыг дайрч, үндэсний өвөрмөц байдлаа алдахад хүргэж байгаа нөхцөлд асуудлыг шийдвэрлэхгүй байна гэж Брейвик тунхаг гэгчдээ бичжээ. Брейвик эсэргүүцлээ аймшигт хэлбэрээр илрүүлэв. Европынхон эрх баригчиддаа үл итгэх, «нээлттэй хаалганы» цагаачлалын бодлогыг хүлцэхгүй явдал ганц нэг үзэгдэл бишээ. Европын оршин суугчдын 20 хувь нь ийм саналыг дэмжиж байна. Жишээлбэл, өнгөрсөн ням гаригт Францад ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн үр дүнгээр хэт барууны «Үндэсний фронтоос» нэр дэвшсэн Марин Ле Пен 18 гаруй хувь санал авчээ.