«Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» орос-хятадын цэргийн сургуулийн идэвхтэй үе өнөөдөр эхэллээ. Хоёр орны цэргийн тэнгисчид гурван өдөр Шар тэнгист агаарын довтолгоо ба шумбагч хөлөг онгоцоос хамгаалах, эрэх аврах ажиллагаа явуулах, хамгаалан хүргэх зэрэг арга ажиллагааг сургуулилах юм. Цэргийн сургуулийн зорилго тэнгисийн аюултай бүс нутагт терроризм, далайн дээрэмтэй тэмцэхэд оршино.

Хоёр орны 20 гаруй байлдааны хөлөг онгоц, 10 гаруй нисэх онгоц нисдэг тэрэг, десантын отрядууд ба 2 шумбагч хөлөг цэргийн сургуульд оролцож байна. Энэ нь суулийн долоон жилд явуулж буй орос-хятадын тэнгисийн цэргийн 7-р сургууль билээ. Талууд цэргийн сургууль нь гуравдахь улсад заналхийлэхгүй хийгээд нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд ямар ч хамаагүй байгааг батлав.

Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Андрей Давыдов энэ удаагийн цэргийн сургууль АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд идэвхжсэнтэй шууд холбоотойг  тэмдэглээд

«Хятад, Орос улсууд Тэнгисийн цэргийн хүчний харилцан ажиллагааны асуудал дээр хамтран ажиллаж эхлэсэн нь гайхал төрүүлэх ёсгүй. Харин ямар учраас чухам одоо ийм ажиллагаа явуулж байгаа юм бэ? Өмнөд Хятадын тэнгис орчимд байдал хурцдав. Түүнээс гадна АНУ, Филиппин хоёр тэнд хамтрасан цэргийн сургууль явуулж байна.Орос-хятадын цэргийн сургууль бол ямар нэг тодорхой хэмжээгээр ийм ажиллагааны хариуд авсан арга хэмжээ болж байна» гэлээ.

Хятад, Филиппин, Вьетнамын хооронд  Өмнөд Хятадын арлуудын  эргэн тойронд нутаг дэвсгэрийн асуудал хурцдсан нөхцөлд АНУ  хөлөг онгоцууд ба тэнгсийн явган цэргийн отрядаа тийшээ явуулсан юм. Аль эртний өөрийн холбоотон Филиппин улсыг дэмжихээр шийджээ. Үүний хамт «баликатан» жил дутмын цэргийн сургуульдаа Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг улсыг анх удаа оролцуулав. Номхон далайн бүс нутгийн тэнгис далайд нэлээд дуу шуугиантай болсон. Геостратегийн өрсөлдөгчид «хуч чадлаа бардамнан үзүүлж байна» гэж үүнтэй холбогдуулан германы «Зюддойче цайтунг» сонинд бичжээ. Энэ нь цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага Орос, Хятад улсуудад тавьж байна гэж цэргийн шинжээч хурандаа генерал Геннадий Евстафьев хэлээд

«Америкийн талаас ийм ажиллагаа явуулж эхлэсэн. Тус улс цэрэг-улс төрийн хүчин чармайлтаа Ази Номхон далайн бүс нутагт төвлөрүүлж, Хятадтай тодорхой хэмжээгээр сөргөлдөхэд бэлдэж байна. Үүний хамт Хятад улс сүр хүчээ зуззаатгаж, бүс нутагт  байр сууриа бэхжүүлэхийг оролдож байгаа нь эргэлзээгүй. Эдүгээ Ази Номхон далайн бүс нутгийн тэнгис далайд болж байгаа олонхи үйл явдал дээрх хоёр улсын өрсөлдөөнтэй холбоотой. Тухайлбал АНУ-ын далайн цэргийн анги Вьетнамд очлоо. Вьетнам америкийн байлдааны хөлөг онгоцууд өөрий нь талд байгааг Хятадад үзүүлэхээр шийдсэн байж магадгүй» гэлээ.

Орос улстай цэргийн хэлхээ холбоо тогтоох нь зайлшгүй чухал гэж хятадын цэргийн хэдэн шинжээч хоёр орны цэргийн сургуулийн өмнө хэлжээ. Энэ нь мэдээжээр тэдний хувийн санаа бодол юм. Гэсэн ч шинжээчдийн төдийгүй олон нийтийн саналыг тусган харуулсан. АНУ ба түүний өрнөд, дорнодын холбоотнуудаас  Хятад Орос хоёрт хүчтэй шахалт үзүүлж байна. Тухайлбал АНУ Европт ПДХ системээ, Азид Япон, Австрали хоёр улстай эвсэл байгуулж байна. Энэ нь Москва, Бээжин хоёрыг аюулгүй байдлаа хамтран бэхжүүлэх, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэхэд хүргэж байна. «Тэнгисийн харилцан ажиллагаа -2012» цэргийн сургууль бол энэ замаар хийх алхамын нэг мөн.