Москвагийн Кремльд Ерөнхийлөгчийн хорооны энэ жилийн эхний явган болон морьт цэргийн харуулын цэргийн үзүүлэн тоглолт боллоо.  “Соборная плошадь” талбайд их үдээр 20-р зууны эхэн үеийн ёслолын хувцсаа өмссөн Кремлийн торгон цэргүүд гарч ирлээ. Цэргийн найрал хөгжмийн хамт дөрвөлжин чулуун шалан дээр тэднийг явж өнгөрөхөд, морьт цэргийн хороо тэдний халааг авлаа. Морьтой цэргүүд жагсаал уран сайхан үзүүлбэрүүдийг харуулахын зэрэгцээ карабинаар буудах урлагаас үзүүлэв. Кремльд энэ өдөр цаашид намар орой болтол бямба гариг бүрт зохион явагдах торгон цэргүүдийн үзүүлэх сургууль эхэлсэн юм.

Жил бүрийн явган болон морьт торгон цэргүүдийн үзүүлэн тоглолт нь найм дахь жилдээ зохиогдож байна. Өнгөрсөн зууны загварын хувцастай торгон цэргүүд анх 2005 онд Кремлийн  Соборная плошадь талбайн дөрвөлжин чулуун шалан дээр гарч жагссан юм. Тэр цагаас хойш торгон цэргүүдийн үзүүлэн тоглолт нь Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний хүндэт харуулын хамт Москвагийн бэлэг тэмдэг болсон юм.  

Торгон цэргийн үзүүлэн тоглолт нь хамгийн үзвэртэй, гоё цэргийн ёслолын арга хэмжээнүүдийн нэг болсон юм. Түүний түүх бүр I Петр хааны үеэс үүдэлтэй аж. Хаант Орос улсын үед цэргийн үзүүлэн тоглолтууд нь байнгын тодорхой газруудад бус, харин хаан байгаа газруудад болдог байв. Ихэнхдээ төрийн тэргүүний ордонд юм уу, төрийн өргөөнд болдог байсан. Москвад торгон цэргүүд зөвхөн хаан ширээнд залрах хүндэтгэлийн арга хэмжээнд ороцдог байв.

Зөвлөлтийн үед хааны ёслолын арга хэмжээ өөрчлөгджээ. Торгон цэргийн үзүүлэн тоглолтуудын оронд Ленины бунхны дэргэд хүндэт харуул солигдох арга хэмжээг зохион байгуулжээ. Өдөр бүр хэдэн мянган хүн энэхүү арга хэмжээг ирж ажиглаж байв. Кремлийн цаг дуугархад харуулын цэргийн алхаа бүрээс нь гарах гутлын өсгийн чимээ уг арга хэмжээг улам бүр сүр хүчтэй болгоно. Ингэж Зөвлөлтийн гол манааны харуул солигдож байсан юм. Одоо үед хүндэт харуул Ленины бунхны дэргэд биш, харин Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэд байдаг. Энд нөгөө л нэг ерөнхийлөгчийн хорооны үзүлэх тоглолт хийдэг торгон цэргүүд алба хаадаг юм.  

Харуулын цэргийн хүндэт үзүүлэн тоглолт нь долоо хоног бүр болдог бөгөөд Москвагийн Кремлийг үзэхээр ирсэн хүн бүр үзэх боломжтой юм. Хагас жилийн турш /4-10-р сарын хооронд/ энэхүү гайхамшигтай тоглолтыг үзэх боломж хүн бүрт байгаа бөгөөд оросын хамгийн сайхан түүхэн дурсгалт арга хэмжээнд оролцохын тулд тасалбар худалдан авах юм.

Оросын болон гадаадын жуулчид үүнийг үзээд маш их сэтгэл ханамжтай байдаг. Тод цэнхэр өнгийн алтан товчтой хүрмэн дээр, жадаа гялалзуулан, цэмбийтэл арчилсан морьдоо унасан торгон цэргүүд хосгүй сайхан харагдана. Энэ бүгд тэгээд алтан оройтой кремлийн дугануудын дэргэд гайхалтай сайхан. Энэ бол үнэхээр мартагдашгүй сайхан үзвэр байдаг юм.